Friday, January 1, 2021

 Яагаад иога?



Хүмүүс надаас их асуудаг асуултуудын нэг нь энэ билээ. Яагаад иога хийх ёстой вэ гэдэг асуулттай их тулгардаг. Өөрөө яагаад иога хийх болсон бэ гэж асуудаг. Энэ асуултын хариулт миний хувийн амьдралтай зайлшгүй холбогдоно. Сүүлийн үед тоймгүй их яригдаад байгаа иога бясалгалын талаар 10 жилийн өмнө надад ямар ч ойлголт байгаагүй. Би дасгал хөдөлгөөн огт хийдэггүй байлаа. Өөрийгөө дажгүй бие хаатай гэж тэрүүхэндээ тоож явдаг байсан үедээ би иогатай учирсан. Гэхдээ хамгийн түрүүнд иога хийх болсон шалтгаан минь эрүүл мэндтэй минь шууд холбоотой. 10 жилийн өмнө авто осолд ороод үхэх сэхэхийн зааг дээр эмнэлэгт хүргэгдэж байхдаа амьдрал ингээд дуусах юм шиг санагдаж байлаа. Тухайн үед юу болоод байгааг ч ойлгох тэнхэлгүй эмнэлэгт өнгөрүүлсэн өдрүүдийн ард эсэн мэнд гараад энэ зэрэгтэй байгаадаа одоо ч ямар нэгэн хүчинд талархаж, буян заяа нь түшсэн юм болов уу гэж боддог. Яг тэр өдрөөс хойш толгойн өвчин намайг өдөр бүр зовоож, өвчин намдаах эмээр амьдрахаас өөр аргагүй байдалд хүргэсэн. Үүнээс өөр гарц байдаг гэж мэддэггүй надад өвчнөө намдааж л байвал хамаагүй гэсэн бодолтой эмийг ус шиг хэрэглэсэн. Харин аз завшаанаар бясалгал болон иогийг ачтай хайртай хүмүүсийнхээ ачаар мэдэж аваад хийж эхэлсэн цагаас миний амьдралд гэрэл гэгээ, итгэл найдвар асаж эхэлсэн нь гайхамшигтай. Эхэндээ зөвхөн өөрийн эрүүл мэндэд зориулан иога хийж, ослын дараах сэтгэлзүйн гэмтлээс салахын тулд бясалгал хийж байсан бол яваандаа үр ашгийг нь мэдээд олон хүн мэдээсэй, хүртээсэй гэдэг бодол эргэлдэх боллоо. Хүмүүст зөвлөхөд ямар нэг бэртэл гэмтэл тухайн үедээ эдгэсэн мэт боловч ардаа хор хөнөөлтэй. Ялангуяа манайд ослын дараах сэтгэл засал гэдэг ойлголт байдаггүй. Гэтэл хүний сэтгэлзүй гэмтэхдээ амархан. Бага насандаа болон өсвөр насанд л сэтгэл санаа гэмтдэг гэж үздэг бол ямар нэг амьдралын цочир үйл явдлын дараа сэтгэл санааны засал чухал гэдгийг бид мэддэггүй. Тийм ч учраас ослын дараах сэтгэлзүйн сэргээн засах үйлийг хийж, мэргэжлийн сэтгэл судлаач дээр очих, тайвшрал, бясалгалыг хийж сурах нь зөв гэж зөвлөх байна. Өөрийн туршлага дээрээс хэлэхэд би  ослын дараа тайван унтаж чадахаа болиод хар дарж, орилж сэрдэг байлаа. Цочиж сэрэх, айдаст автах, машинд сууж явж чадахаа больсон гээд сэтгэлзүйн том асуудалтай тулгарсан юм. Үүнийг би иога, бясалгалын хүчээр танин мэдэж, ойлгож, засаж чадсан. Мэдээж мэргэжлийн олон сэтгэл судлаачид, засалчид байдаг боловч эхлээд өөрийгөө юунаас болоод ийм байдалд орсоноо мэдэж авах нь чухал шүү. Ийнхүү цаашаа ахилаа.  Ээжийгээ ч иога, бясалгалд татан орууллаа. Ээж маань надаас илүү сахилга баттай бясалгагч хүн. Ээжээрээ бахархахгүй байх аргагүй. Ингээд өөрийгөө эрүүл амьдрахад сургаж чадсан хүн бусдад энэ талаар заах хүсэл маань нэг л өдөр биеллээ олж иогийн багш болсоноор олон хүнд сайн сайхныг түгээх хүсэл маань биелж эхэллээ.

Сүүлийн хэдэн жил иогийн багшаар тасралтгүй ажиллаж, випашяна бясалгалыг шамдан хийдэг болсон нь миний эрүүл мэнд төдийгүй, сэтгэл санаанд гүн гүнзгий нөлөөлсөн. Иога гэхээр хүмүүст уян налархай нугарсан хүмүүс сэтгэлд нь хамгийн түрүүнд буудаг: Гэвч үүний хамгийн үнэт нандин чанар бол эрүүл саруул амьдрах, эд эсээрээ залуужих увидас гэдгийг ойлгуулахыг хүсдэг. Иога гэдэг өөрөө дотроо дуусашгүй арвин далай мэт мэдлэг агуулдаг. Та үүнээс дуслыг нь л амьдралдаа хэрэгжүүлж эхэлчихвэл амтыг нь танина. За ингээд би өөрөө иога хийгээд зогсохгүй өрөөлийг ч хийлгэдэг боллоо. Гэтэл би өөрөө илүү хөгжих том даваатай тулгарч эхэлсэн. Учир нь би хүнд эрдэм заах болж эхэллээ. Мэдэхгүй зүйлээ мэддэг мэт заахаас зайлсхийдэг над мэтэд иогийн багш гэдэг асар хүнд ажил гэдгийг багш болоод мэдэрсэн. Тиймээс иогийн ухааныг бусдад түгээдэг багш өдөр бүр өөрийгөө хөгжүүлж, илүү ихийг сурч, боловсорч байх үүрэг хүлээж эхэлдэг. Тиймээс та ч бас багшаа сонгохдоо мэдлэг боловсрол, мэдсэн сурсаныг нь ялгаж, салгаж, эргэцүүлж байж очиж заалгаарай. Бид хүүхдээ сайн сургуульд өгөх гэж хичээдэг. Харин өөрсдийгөө хэр сайн боловсруулж чаддаг билээ гэдгийг бас бодож үзэх нь чухал шүү. Тасралтгүй өөрийгөө боловсруулдаг хүн танд ч бас сайн багш болж чадна. Өнөөдрөөрөө сэтгэдэг хүнд өдрийн хоолноос өөр юу ч бодогдохгүй байх нь ойлгомжтой. Тиймээс та иога хийхээр шийдсэн бол хамгийн түрүүнд таны хийх ёстой алхам бол багшаа сонгох юм. Эрдэм сурахад оройтохгүй ч цэгцтэй сурахад учир бий. Түүнийг заах багшид учир бүр их бий. Замбараагүй их мэдээлэл дунд та хаанаас нь хэнийг сонгохоо мэдэхгүй самгардах тохиолдол гардаг бол эхлээд багшийн туршлага, толгойн дахь мэдлэгийг харгалзан үзэж сонголтоо хийгээрэй. Та өнгөрсөн хугацаанд алдсан боломжоо тоолох биш өнөөдөр олж авах боломжийг бүү алдаарай. Иога, бясалгал бол зөв амьдралын хэв маягийг өөртөө хэвшүүлэх ухаан юм шүү.

Танд амжилт хүсье.

Л.Баясалмаа

2021.01.01

 

No comments:

Post a Comment