Дэлхий дээр хүмүүс бид арьс өнгө, яс үндэс, хэл соёлоороо ялгаран олуулаа амьдардаг. Амьралын хэв маягаас авхуулаад үзэл бодол өөр байх ба царай зүс, бие бялдараараа ялгаатай ч энэ орчлонд хүмүүс эр эм байхаар заяагдсан гэж ихэнхи хүн хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ би эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тухай биш эмэгтэй байхыг хүсдэг цөөнхийн тухай онцолж бичихээр зорилоо. Тэднийг Катой гэж нэрлэдэг ба эдгээр хүмүүс нь зүүн өмнөд азийн орнуудад голцуу амьдардаг. Тайланд улс бол Катой буюу Лэдибой , эрэгтэй биетэй эмэгтэйлэг хүмүүсийн төлөөлөл орон гэж хэлж болно. Тэнд та Катой хүмүүстэй гудамж талбай, зочид буудал, дэлгүүр хоршоо метро гээд хаа л бол хаа тааралдана. Лэдибойг гаднаас нь харахад ганган дэгжин хувцасласан байх бөгөөд заримдаа тэднийг эр үү эм үү гэж ялгахад хүртэл бэрх байдаг. Тэд хэдийгээр эрэгтэй биетэй боловч эмэгтэйчүүдээс дутуугүй үс зүс, гар хуруу хувцас, гоёл чимэглэлдээ анхаарал тавьдаг.
Тайландад байх хугацаандаа Катой хүмүүстэй уулзаж тэдний хүсэл сонирхол, мөрөөдөл тэмүүлэл, амьдралын талаар мэдэхийг зорьлоо. Тэд бусдаас юугаараа ялгаатай тэдний дотор ямархан гуниг баяр оршин байдгыг мэдэхийг хүсэж, дотно танилцах гэсэндээ цэнгээний газруудаар хэдэн орой хэсүүчилсэн юм. Тайланд бол нэг талаар Буддын шашин түгэн дэлгэрсэн бурханы ариун орон гэгддэг. Харин нөгөө талаар шоу цэнгээн, ижил хүйстэн, лэдибойсийн төвлөрсөн газар. Энд гадаадын жуулчид ирж зугаацаж наргиж цэнгэдэг секс жуулчлал дээд зэргээр хөгжсөн улс билээ.
Хэрвээ та Бангкокт очоод агаарын метронд суугаад Нана буудал дээр буувал гудамжаар биеэ үнэлэгчид эгнэн зогссон байхыг харахаас гадна тэдний талаас илүү хувь нь Лэдибойс байх бөгөөд Нана бол бар цэнгээний газар ихээр байрладаг хэсэг юм. Бангкокт үдэш боллоо Тайландын шөнийн амьдралын хамгийн сонирхолтой хэсэг ийнхүү эхэллээ. Бар цэнгээний газруудын ажил ид үргэжлжилж байх энэ үед Лэдибойс хамгийн олноор цуглардаг газар бол мэдээж цэнгээний газрууд байдаг. Учир нь орлого сайтай бас өөрийгөө эмэгтэйлэг талаас нь харуулах ганц газар бол энэ юм. Тэд дэгжин чамин хувцаслаж нүүр амаа будаж ажилдаа ордог. Нарийхан гудамжаар орж явсаар эхний тааралдсан баарын үүдийг татан ороход гайхалтай авъяастай, уянгалаг хоолойтой “бүсгүйчүүд” тайзан дээр дуулж байхыг хараад биширмээр, гэхдээ ойртоод харвал тэдний хоолойн төвөнх болоод сахал ургасан мэт хөх эрүү гээд эр хүний шинж төрх нь тод ажиглагдана. Би хэд хэдэн Катой хүмүүстэй уулзаж ярилцлаа. Тэдний дундаас нэгэн залуухан Лэдибойтой ярилцах зөвшөөрөл аваад түүнийг дагуулан гарч бид гудамжинд пиво шимэн хэсэг суулаа.
Би түүнээс хэзээ өөрийгөө эмэгтэй байхыг хүсэж байгаагаа мэдэрсэн бэ гэж асуухад тэрээр “10 настай байхдаа анх мэдсэн учир нь би эмэгтэй хүний хувцас өмсөхийг хүсэж ээжийнхээ хувцасыг байнга өмсөж үздэг байлаа. Миний энэ байдлыг аав минь хүлээн зөвшөөрч байсан боловч ээж үүнд ихээр дургүйцэж хувцасаа нуудаг байж билээ. Гэхдээ угаас илэрсэн хүсэл мөрөөдлийг яалтай билээ. Би эмэгтэй байхыг хүссэн хэвээр үлдсэн дээ. Одоо харин гэр бүлийнхэн маань миний байгаа байдлыг хүлээн зөвшөөрдөг болсон” гэж ярьсан юм. Тэр надтай ярилцаж байхдаа өөрийн дуртай өнгө болох ягаан өнгийн хүрэм өмссөн байгаад үсээ ч сайхан янзалсан, нүүрээ цэвэрхэн будсан байв. Түүнээс юу хүсэж мөрөөддөг талаар асуухад сайхан зочид буудалд ажиллахыг хүсдэг гэж хариулсан юм . Би хэд хэдэн Лэдибой томоохон буудалд ажиллаж байхыг харсан л даа. Түүний хувьд нүүрээ сайхан будаж, өндөр өсгийт өмсөж, биеэ сайхан авч явах нь сахлаа хусаж, бодигоор хичээллэж ханхар биетэй байхаас илүү гэж үзсэн байна.
Катойчуудын зарим нь хүйсээ солиулах мэс засалд ордог боловч энэ нь өндөр үнэтэй учраас тэр болгон бүгд хийлгэж чаддаггүй. Харин хөх болоод бусад гоо сайханы мэс засал харьцангуй боломжийн үнэтэй тул ихэнхи нь сайхан хөхтэй, сайхан нүд хамартай байх нь элбэг тохиолдоно. Тайланд эмэгтэйчүүд ч бас үүнд гомдолох бөгөөд. царайлаг эрчүүд ихэнхи нь Лэдибой байх юм гэлцэнэ. Би тэр шөнө нилээд хэдэн Лэдибойтой уулзаж ярилцаж тэднийг маргааш нь оройн хоолонд урьлаа. Болзсон цагтаа намайг ирэхэд долоо найман Катой ирсэн байж бид хамтдаа оройн зоог барьлаа.. Би тэдний дунд бяцхан өрсөлдөөн зохион байгуулж хэн нь илүү үзэсгэлэнтэй байна гэж асуухад бүгд ам уралдан нэг нэгнийхээ үс зүс, нүд хамар, гар хөлийг ажиглаж тэр сайхан нүдтэй юм энэ сайхан үстэй юм, түүний хөл нь сайхан, түүний өгзөг хөх гоё гэлцэн миссийн тэмцээнэрхүү юм болов. Тэдгээр Катойчуудын хоорондоо ярьж байгааг харахад хэдэн хүүхнүүд нийлээд суучихсан элдвийг ярьж байгаа юм шиг л шулганалдана. Тэд эмэгтэйчүүдийн ярьдаг л зүйл болох хувцас хунар гоёл зүүлт, үс гэзэг гээд тэр ч байтугай эрчүүдийн талаар ч ярилцсан юм. Хамтдаа байж ярилцах нь тааламжтай байгаа нь тэдний гэрэлтэж байгаа нүднээс харагдаж байлаа.
Катой хүмүүс эр бэлэг эрхтэнтэй түүнийгээ заримдаа секс тоглоом болгон ашиглах боловч ихэнхи нь маш сайн нуудаг байна. Харин эмэгтэй хүний хиймэл үтрээг ашиглах нь элбэг байдаг гэнэ. Би тэднээс эрэгтэй хүмүүстэй учрах үедээ юу боддог вэ юунд илүүтэй санаа зовдог вэ гэж асуухад тэд үргэлж нэг л юмнаас айдаг гэж хариулсан. Энэ нь тэд хамтрагчаа сэтгэл хангалуун байлгаж чадахгүй байх вий гэхээс айдаг гэнэ. Учир нь тэд хэдийгээр эмэгтэйлэг боловч жинхэнэ утгаараа хэзээ ч эмэгтэй хүн байж чадахгүй шүү дээ. Энэ л тэдний сэтгэлийн шаналал юм. Харин Катой хүмүүс бие биенээ ялгаварлан үздэггүй нь адилхан хувь заяатай хүмүүсд ялгаварлах үзэл байдаггүй бизээ. Тэд өөрсдийгөө Тайландад амьдарч байгаадаа азтай, хувь заяатай хүмүүс гэж үзнэ. Буддын шашинд хүний дотоод сэтгэлийн ариуныг дээдлэхээс гадаад байдлыг дээдлэн үздэггүй гэж сургасан байдаг гэж нэг нь хэллээ Тэднийг ойлгож, нийгэмд амьдрах, хүлээн зөвшөөрөгдөх эрхтэй байж, энгийнээр хүлээн авдаг ийм л байдалдаа тэд дасжээ. Эмэгтэй хүн байхын сайханыг мэдрэх гэж тэд тэмүүлж, бүхий л сэтгэлээр хүсэвч бие махбодиороо бүтэн заяат бүсгүй байж чадахгүйдээ битүүхэн гутарч явдаг тэдний амьдрал бусдын л адил жаргалтай, зовлонтой, инээдтэй, нулимстай.
(Published on "Gylbaa" monthly magazine )
2010 он
No comments:
Post a Comment