Tuesday, February 19, 2013

Арслан толгод дахь хот



Хятад улсын түүх соёлын алдартай хотуудын нэгээр энэ удаад айлчлаад ирлээ. Шиузоу буюу Жангсү мужид орших Кин, Хан гүрний үеийн түүх соёл, дурсгалын тод илрэл болсон энэ хотод хан гүрний үетэй холбогдолтой зүйлийг үзэж сонирхох бөгөөд ялангуяа хан гүрний зураг бүхий хад чулууд сонирхолтой харагдана. Өрнөдийн хан гүрний үеийн дайчид, морьдын чулуун барималууд, мөнгөн гишгүүр бүхий хаш өмсгөлтэй зүймэлүүд газар доорхи балгасан хотод байдаг. Жуулчдын гол төлөв очиж үздэг газрууд бол Янлонг уул болоод музейнууд, Янлонг нуур, Доншан уулан дахь Хан гүрний үеийн булш хиргисүүр юм. 

Дайчдын хүн чулуун хөшөө болон Өрнөдийн Хан гүрний морьдын шавар баримал
1984 онд Шузоу хотын Шизи уулны ойролцоо долоон нүхнээс дайчид, морьдын шавар баримлыг олж илрүүлжээ. Уг баримлууд Хан гүрний үед хамаарагдах бөгөөд Арслан толгодын дотор газар доор булсан байсаныг архелиогчид гаргаж иржээ. Архелиогчид үүнийг Чу-гийн хаан эзэнийг оршуулах үед хамтад нь хийж бунхалсан гэж үзжээ. Нутгийн захиргаа археологийн бусад олдворыг олохын тулд олон сая юань зарцуулж археологчдийг дайчлан олон мянган олдвор гаргаж авсан бөгөөд малтлага хийсэн газраа музей байгуулжээ. 

Арслан толгод 
Бидний очсон толгодыг Өрнөдийн Хан гүрний эхэн үед амьдарч байсан Чу-гийн эзэнт гүрний гурав дахь ханхүү болох Лю Вю-д зориулж малтаж үүндээ  хотхон байгуулжээ. Дайчдын болох морьдын шавар барималууд толгодоос баруун тийш 300 метрийн зайтай олдсон бөгөөд энэ нь толгодыг хамгаалах цэрэг армийг дүрслэн харуулжээ. Дайчид морьдын шавар баримлыг олсоны дараагаар археологчид 1994 оны 12 сараас 1995 оны хооронд Чу хааны бунханг олох  малтлага, хайгуулын ажил явуулсаны үр дүнд олсон бунхан нь нийтдээ 117 метр урт , 851 м2 талбайг эзэлсэн байжээ. Энэ бунхан 4 хэсэгтэй ба үүд гаднах гарц, дотор үүд, цэцэрлэгт хүрээлэн, тасалгаанууд багтжээ. Бунханы эзлэх хэмжээ гайхмаар том бөгөөд ховорхон тохиолдох асар уудам цэлгэр бунхан гэж хэлж болохоор. Доторхи эд зүйлс нь ч бунхандаа тохирч , зохицуулан хийсэн байх нь гайхалтай. 


Тасалгаанууд бүгд өөрийн үүрэгтэй байх бөгөөд гал тогооноос авхуулаад бие засах , амрах өрөө түүнчлэн Хаан болоод хатдын зугааг гаргаж, алжаалыг нь тайлах дуу хөгжим тоглох дуучид, бүжигчдийн танхим хүртэл байх нь одоогийнхоор дээд зэргийн баячуудын эдлэн газар гэлтэй. Гал тогооны өрөөнд олон шавар хоол хүнсний хэрэгслүүд байрлуулжээ. Хаад хатдын өрөөнд ширээ, сандал гээд тавилга сэлт бүрэн. Энэ дотор нэг сонирхолтой зүйл нь толгодын дээрээс урсах булгын усыг дотогш нэвтрүүлж ханыг дагуулан урсах үед тэндээсээ тосож аван цэвэр усны асуудлаа шийдсэн байлаа. Өрөө бүрт булгын усыг тосож нэгэн нүхэнд хуримтлуулдаг байжээ. Хамгийн том тасалгаанд гэхэд л 2000 гаруй шавар эд зүйлс, хэрэглэлүүд өржээ. Эдгээр эдлэлүүд зөвхөн шавраар бус алт, мөнгө, хүрэл, төмөр, чулуу болон хаш эрдэнээр хийжээ. 200 гаран үнэлж барашгүй хаш эрдэнийн эд өлгийн зүйлүүд яахын аргагүй үндэсний  үнэт эрдэнэс болох юм. Том хатны эдлэл болох үнэт эрдэнийн чулуун чимэг зүүлтээс гадна түүний сууж явах жууз тэрэг гээд бүгдийг байршуулсан нь биширмээр гэхээс өөр хэлэх үггүй алмайруулж байлаа. Хамгийн гайхалтай нь эрдэмтэд, хайгуулчид 2100 жилийн өмнө амьдарч байсан Чу хааны дүрс бүхий баримал мөн түүний араг ясыг олсон нь үнэхээр хачирхалтай үнэт олдвор юм. Үүнээс харахад бидний өнөөгийн эдэлж хэрэглэж буй тавилга сэлт, тав тух хангах эд хэрэглэлийг тэртээ 2100 жилийн өмнө хэрэглэж байсанаар барахгүй тансаг хэрэглээтэй ч байсан гэхэд болно. 
Энэ гайхамшигтай толгодоос гараад хажуугийн музейд Хаад хатдын эдлэл , хувцас гутлыг үзмэр болгон тавьжээ. Мөн тэнд Уйгаржин бичгээр бичсэн нэгэн эртний тэмдэглэлүүд байсан нь миний сонирхолыг ихэд татаж энэ нь бидний өвөг дээдэстэй бичиг хэргээр харилцаж байжээ гэдгийг тод харуулжээ. Уулын хажууд цэцэрлэгт хүрээлэн байх бөгөөд энд Чу хаан хатадтайгаа зугаалан, амардаг байсан гэнэ. 
Шувууд жиргэж, навч цэцэгсийн анхилам үнэр үнэртэн, горхины ус хоржигнох энэ хүрээлэн яг л диваажин мэт үзэсгэлэнтэй. Арслан гэж нэрлэсэн толгод доторхи хотод зочлоод буцахдаа энэхүү аян замын тэмдэглэлийг бичиж, уншигч олондоо хүргэхийг хүслээ. 

( Barilga.mn monthly magazine 2011 )

No comments:

Post a Comment