Monday, June 2, 2014

Ихэр цамхаг, ижил гайхамшиг

Ихэр хоёр цамхаг Ижил хоёр гайхамшиг
Барилга, байгууламжийн гайхамшигтай шийдлүүдийн талаар уншигчддаа сонирхуулахдаа үргэлж баяртай байдаг манай сэтгүүлийн зүгээс энэ удаагийн аялалын булангаараа бас нэгэн шинэ содон барилгыг танилцуулах гэж байна. Улс орон бүрийн барилгын загвар, түүний утга агуулга нь тухайн улсынхаа нүүр царай, хөгжлийг харуулсан өвөрмөц шинжтэй байдаг. Сүүлийн жилүүдэд хөгжилтэй орнууд өндөр барилгаараа уралдан өрсөлдөх болсон энэ өрсөлдөөнд Азийн орнууд илүүтэй давамгайлах болсоноос Малайз улс үүний нэгэн жишээг харуулж чаджээ. Энэ удаагийн дугаараар Малайзын ихэр хоёр цамхагын талаар бичихээр зорьлоо.
            Малайз улс эдийн засгийн үсрэнгүй хөгжлөөрөө Азидаа тэргүүнд ордог төдийгүй дэлхийд тэргүүлэх зэргийн оронд тооцогддог. Газар тариалан, уул уурхайдаа түшиглэн эдийн засгийн тогтвортой хөгжилд хүрсэн тус улсын хувьд аялал жуулчлалаараа ч гадныхны анхаарлыг эрхгүй татдаг. Бид аялал болгондоо хаана ямар шинэ, сонин содон барилга байна гэж эрж хайж явдаг, үүнийхээ дагуу Малайзын Петронас цамхагыг хамгийн түрүүнд орж сонирхлоо. Хүн төрөлхтөн гайхамшгийг бүтээхийг эрмэлздэг  бүтээж чаддаг болсон өнөө үед энэ барилга ч мөн гайхамшгийн нэг загвар байна гэж бодогдож байлаа. Тэнгэр баганадсан цамхаг үүлийг цоо хатгасан юм шиг сэтгэгдэл төрүүлж, түүний загвар хийц ч анхаарал татаж байсан юм.
 Барилгын түүх
     Малайз улсын нийслэл Куала Лумпурт байрлах ихэр хоёр цамхаг баригдсан үеэсээ буюу 1998-2004 оныг хүртэл (Тайваний 101 давхар барилга баригдах хүртэл) дэлхийн хамгийн өндөр барилга гэсэн тодотголтой байжээ.  Барилгын загварыг Аргентины архитекторч Цезар Пелли болон Малайзын инженер Дийжай Керико нар Филлипиний дизайнер Доминик Сайбо болон Ж.С. Гүинто нарын зөвлөгөөтэйгээр гаргажээ. Анх 1992 онд барилгын загварыг гаргаж эхлэхдээ чанарын өндөр шалгуураар шалгаж , барилгын бүтцийн ачаалалыг тооцоолж олон шалгалт явагдсаны үндсэн дээр эхлүүлж байжээ. Үүнд мөн салхины чиг заалтыг ч тооцоолсон гэнэ. 
           
 
 Долоон жилийн дотор барьсан ихэр хоёр цамхагын барилгын ажил 1993 оны 3 сарын 1-нд газар ухагчаар газрын гүнлүү 30 метр ухсанаар эхэлсэн байна. Үүний дараагаар Малайзийн түүхэнд хамгийн урт болон хамгийн гүн бетон цутгах ажил явагджээ. Шөнө бүр 500 тэвш цемент зөөж 13,200 куб метр бетоныг нэг цамхагт 54 цагын турш тасралтгүй цутгаж, цамхаг тус бүрт 104 бетон шонтой хавтанцар суурьлуулсан нь бас нэгэн амжилтыг тогтоожээ. Хавтангаас дээш 21 метр өндөртэй 1000 метрийн урттай бэхлэгч хана босгож,  уг бетон болон газар доорхи хэсгийн ажлыг гүйцэтгэхэд 40 гаруй ажилчин байрлан 24 цагын турш ажиллаж хоёр жилийг  зарцуулжээ. Барилгын суурийн дээд хэсэг 1994 оны 4 сарын 1-нд дуусаж, тавилга бүхий дотоод заслыг 1996 оны 1 сарын 1-нд гүйцэтгэж дууссан бөгөөд харин хоёр барилгын шовх оройг 1996 оны 3 сард дуусгасан байна. Барилгын анхны ажилчид 1997 онд нүүж орсон ч 1999 онд Малайзийн ерөнхий сайд Махатир Бин Мухаммед нээлтийн ажиллагааг хийсэнээр албан ёсоор үүд хаалгыг нь нээжээ. Ихэр цамхаг Куала Лумпурын уралдааны зам дээр баригдсан байсанаас гадна барилгын талбайг шалгасан өрөмдлөгийнхөн суурь нь чулууны ирмэг дээр таарсаныг олж тогтоожээ. Цамхагын хагас нь өмхөрч муудсан шохой чулуун дээр нөгөө хэсэг нь зөөлөн чулуун дээр тогтсон байсаныг бүхэл сууриар нь 61 метр хөдөлгөж зөөлөн чулуун дээр байрлуулжээ. Дээр дурдаж байсанчлан 104 бетон шонг газрын гүнрүү 60-114 метр зоожээ. Цамхагын суурь 4,6 метр зузаантай, нийт жин нь 32500 тонн бөгөөд 2007 он хүртэл барилгад дэлхийн хамгийн том бетон цутгалтын ажил гэсэн тодорхойлолтыг өгч байжээ. Суурийг 12 сарын дотор барьж инженерийн дизайн дээр Гайти улсын инженер бүхий багынхан ажиллажээ. 

Цамхагын 88 давхарыг тун бат бөх бетоноор барьсан бөгөөд гадна талыг ган болон шилээр өнгөлж хийсэн нь Исламын шашны урлагын өнгө төрхийг илтгэсэн гэж хэлж болохоор ажээ. Малайзын засгийн газрын үүрэг болгосоноор барилгыг зургаан жилийн дотор барьж дуусгахаар төлөвлөж үүний дагуу хоёр барилгын компани ажиллажээ. Эхний цамхаг буюу баруун талын цамхагыг Японы Хазама корпорацаар ахлуулсан барилгын компани, хоёр дахь цамхагыг Солонгосын Самсунг корпорациар удирдуулсан Өмнөд Солонгосын компани барьжээ.

          Эхэн үедээ бетон зуурмаг болон цутгалтын ажил бүтэлгүйтэж, бат бөх чанар алдагдаж барилгын явц бүрэн зогсоход хүрч байжээ. Цамхагын бүх шалыг сайтар шалгалтанд оруулж чанарыг нь ахин дахин шалгасан бөгөөд үүнээс ганц л шал муу зуурмагтай байсныг нураасан байна. Ийнхүү бетон цутгалтын үүссэн асуудлаас болоод цаашид шинэ бетон бүрийг зуурахын өмнө шалгалтанд оруулахаар болсон гэнэ. Барилгын энэ зогсолт өдрийн 700 мянган долларын зардал гаргаж барилга дээр бетон зуурах гурван хэсэг байрлуулж хэрвээ нэг хэсгийн зуурмаг болохгүй байвал нөгөө хэсгийн зуурмагаас авч хэрэглэхээр бэлджээ. Зүүн цамхаг буюу хоёрдугаар цамхаг тухайн үедээ хамгийн түрүүнд дэлхийн хамгийн өндөр барилга болсон бөгөөд учир нь нэгдүгээр цамхагыг барьж байсан Хазама корпораци цамхагын их бие 25 миллметрээр хазайлттай байгааг ажиглажээ. Иймээс дараагийн 16 давхарыг 20 миллметрээр хэлтийлгэхээр болж мэргэжлийн шинжээчдийг ажиллуулан барилгыг бүрэн дуусгах хүртэл өдөрт хоёр удаа босоо байдлыг нь шалгаж байжээ.
 Ган импортлоход их хэмжээний  татварын асуудал үүсэн бөгөөд барилгыг  бат бөх чанарын өндөр шаардлага хангасан бетоноор босгосон ч гэлээ аль болох хямд шийдэлтэй байлгахыг зорьсон байна. Суурийн бетон нь 23 x 23 хэмжээтэй гаднах тойргоо өргөн баганаар тулгуурдаж, цамхагыг гоёмсог, нарийн харагдуулах гэж чамгүй хичээжээ. Барилга дотор нийт 560 мянган кв.м оффис талбай нээж өгсөнөөр олон төрлийн үйлчилгээ, албан байгууллагууд байрлахад ашигтай талбайтай болж өгчээ.
Ихэр цамхагуудын загвар болоод дотоод засал

Петронас ихэр цамхаг зургаан жилийн турш дэлхийн хамгийн өндөр барилга байсаар иржээ. Харин 2004 онд Тайван улс  101 давхар барилга барьсанаас хойш сая нэг халаагаа өгсөн гэдэг. Барилгын өндрийг хэмжихдээ шовх орой хүртэл нь хэмжих боловч антенийг нь оруулдаггүй байна. Петронас цамхагийн нэг онцлог бол гаднах өнгөн талын 83500 кв.м зайг алмаз эрдэнэ мэт гялалзсан талст болон зэвэрдэггүй гангаар  бүрсэнээс гадна 33 мянган шилэн хөшгөн цонх хананд нь гоёмсогоор суулгажээ. Зэвэрдэггүй ганг барилгын гол элемент болгож сонгосон нь нарны гэрлийг тусгаж сүр жавхаатай үзэмжтэй харагдуулана гэж тооцоолжээ. Энэ 55 мянган талбайг бүрэх давхарласан шил бүрийн 20,38 мм бүр нь нарны хэт цацраг туяаг буцаан ойлгох зориулалттай юм.

Хоёр цамхагын шовх үзүүрийн урт нь 73,5 метр болоод үзүүрлэсэн харандаа шиг харагдах шовх оройн төгсгөл нь барилгын үндсэн өндрийг заадаг. Энэ хоёр оройг Малайзаас өөр улсад хийж гүйцэтгэхдээ  нэгийг нь Солонгост нөгөөг нь Японд нийтдээ 19 долоо хоногийн турш хийж дуусгажээ. Нэг орой нь 50 ширхэг хэсгээс бүрдсэн бөгөөд үүнд:үзүүр, иш, бөмбөлөг, цагираган бөмбөлөг гэх мэт ороод эдгээр материалууд нь нийлээд 176тонн жинтэй гэнэ. Уг хоёр орой нь барилгыг үзэмжтэй сайхан харагдуулж байгаагаас гадна барилгын гадаад төрх болоод өндөрт ч нөлөө үзүүлж байгаа билээ. Барилгын дотоод засал нь Малайзын үндэсний уламжлалт хэв шинжийг агуулсан маягтай, ялангуяа цамхагруу орох үүдний танхим бол хийц загварын хувьд үндэсний урлагыг илтгэсэн байна.

Петронас цамхаг бол олон үндэстний хүч хөдөлмөр шингэсэн барилга юм. Барилгын бүтэц дизайны инженерүүд нь Нью Иоркоос ирж, Аеродинамикийн мэргэжилтэн болон цахилгаан шатыг Канадын мэргэжилтнүүд хийжээ. Тус улсын барилгын аюулгүй байдлын журамд аливаа барилга 65м.сек салхийг эсэргүүцэх чадвартай байх шаардлагатай учраас эхлээд комьютер дээр шалгаж үзэж дараа нь  туршилтын загвар дээр туршиж шалгажээ. Архитектор Цезар Пеллигийн урмыг сэргээсэн нэг зүйл бол лалын шашны бэлэг тэмдэг бүхий уламжлалт геометрийн найман өнцөгт дүрс бүхий шал байсан гэнэ. Энэ нь Малайзчуудын хүсэл зорилго, тэмүүлэлийн илэрхийлэл болж чаджээ. Түүнчлэн Пелли тэнгэрийн гүүрийг ирээдүйрүү тэмүүлсэн үүд хаалганы бэлэг тэмдэг болно гэж найдаж байлаа.

 Цамхагын “оршин суугчид”
Нэгдүгээр цамхагт бүхэлдээ Малайзийн газрын тос болон шатахууны компани болох Петронас ба хамтран ажиллагч салбар компаниуд байрлажээ. Харин хоёрдугаар цамхагыг өөр бусад компаниудад нээлттэй болгож тэнд “Хавай технологи”, “Аль Жазира англи”, “Блюмберг”, “ Роитерс”, “Боинг”, “МкКэйнси” болон “Майкрософт” компаниуд байрлажээ.

Суриа КЛЛС
Энэ бол Петронас цамхагын доод давхарт байрлах 140 мянган м2 талбайг эзлэх худалдааны төв юм. Энд голдуу гадаадын тансаг бараа бүтээгдэхүүн алдартай брэнд дэлгүүрүүд байрладаг. Мөн энд урлагын галлерей, филармони театр, далайн аквариум, шинжлэх ухааны төв байрладаг байна. Суриа КЛЛС бол Малайздаа хамгийн том худалдааны төв гэнэ.
       
КЛЛС цэцэрлэгт хүрээлэн
Барилгын эгц урд 17 акр газрыг эзлэх цэцэрлэгт хүрээлэнд явган аялал хийж, зугаалахаас гадна шөнийн цагт үзэсгэлэнтэй гэрлэн үзүүлбэртэй усан оргилуурын дэргэд амарч болно. Түүнчллэн хүүхдүүдэд зориулсан тоглоомын талбай байх нь сайхан байлаа.
Тэнгэрийн гүүр
  Ихэр Цамхагын 41,42-р давхарыг холбосон хоёр давхар тэнгэрийн заман гүүр нь дэлхийдээ хамгийн өндөрт байрлах гүүр юм байна. Энэхүү гүүр нь газраас 178 метр өндөрт байрлах бөгөөд 58 метр урт, 750 тонны жинтэй гэнэ. Гүүрэн дээгүүр алхахыг хүссэн хүн бүрт энэ гүүр нээлттэй боловч өдөрт ердөө 1000 хүнд цамхагруу гарах билетийг худалдаалдаг байна. Эрт ирвэл мэдээж энэ мянган хүний тоонд багтана оройтвол тасалбар аль хэдийнэ дууссан байх болно. 2010 он хүртэл жуулчдад цамхаг үнэгүй үйлчилдэг байжээ. Түүнээс хойш тасалбар худалдаалж эхэлсэн байна. Ирсэн хүмүүс тэнгэрийн заман гүүрэн дээгүүр явахаас гадна барилгын 86 давхар хүртэл сонирхож явах боломжтой.
Жуулчид 41 болон 42 давхарт зөвхөн түрээслэгчид маягаар л зочилж болох бөгөөд энэ гүүр мөн онцгой байдалд ашиглагдах боломжтой яагаад гэвэл нэг барилгад гал гарлаа гэхэд гүүрээр дамжаад нөгөө барилгруу орох юм. 2001 оны 9 сарын 11 –ны Нью Иоркийн ихэр хоёр цамхагыг дайрсан террорист үйл ажиллагааны дараа өдөр буюу 12-нд цамхагаас ажилчдыг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа явуулж үзээд энэ тэнгэрийн гүүр хэрвээ хоёр цамхагт хоёуланд нь осол гарвал ашиглагдах боломжгүй гэж үзжээ. Тэгэхээр барилгыг чөлөөлөх хэрэг гарвал цахилгаан шат ашиглах нь зүйтэй гэж үзээд онцгой нөхцөлд ажиллуулах цахилгаан шатны туршилтыг хийж 2005 онд ашиглалтанд оруулжээ. Гүүрийг гурван холбоост нуман хөлөөр тулж өгсөн байх нь тулгуур нум бүр 51 метр урттай хоёр цамхагын 29 дэх давхартай холбогджээ. Гүүрээ эхлээд газар дээр барьсаны дараа 3 хоногийн дотор дээш өргөж байрлуулжээ. Гэхдээ гүүрийг шууд цамхагуудтай холбохын өмнө байршлыг нь сольж, туршиж ямар ч салхинд тэнцвэртэй байх эсэхийг сайтар шалгажээ. Гүүрээр 41,42-р давхраар явж уулзалтын танхим болон оройн хоолны танхим, мөн мөргөлийн өрөөрүү орж болох юм.


Цахилгаан шат
Үндсэн цахилгаан шатууд хоёр давхар бөгөөд доод талын цахилгаан шат нь сондгой, дээд талын цахилгаан шат тэгш тоотой давхруудад зогсдог. Хүссэн давхартаа очихын тулд та хамгийн доод давхраас урсдаг шатыг ашиглан дээд талын цахилгаан шатанд суух боломжтой. Энэ барилгад нийт 29 ширхэг хоёр давхар цахилгаан шат байх ба тус бүртээ цамхагын өөр өөр давхруудад хүргэнэ. Эдгээрийн зургаан цахилгаан шат нь 1-23 болон 1-37 давхарлуу, Таван цахилгаан шат нь 41 болон 42 давхарлуу хүргэж тэндээсээ цахилгаан шатаа сольж суугаад барилгын хамгийн дээд давхарт гарах боломжтой. Цахилгаан шат бүрийн зорчигчийн даац 52 хүн бөгөөд нэг давхар цахилгаан шатанд 26 хүн суух багтаамжтай гэсэн үг юм. Энд мөн зургаан ширхэг аж ахуйн хэрэглээнд зориулсан онцгой даацын цахилгаан шат байна. Түүнчлэн дөрвөн ерөнхий цахилгаан шат нь бүх давхруудад зогсох бөгөөд барилгын доод даврхаас дээд давхар хүртэл явахдаа 10 хүн тээвэрлэх даацтай юм.
  Доод давхраас цамхагт зочлогсдод  гурван хэсэг цахилгаан шатаас сонгож ашиглана. Эхний богино зайн зургаан ширхэг цахилгаан шат зорчигчдыг 2,3 давхруудын хооронд болон 16,17 давхарлуу, дараагийн дунд зайн зургаан цахилгаан шат 18,19 болон 37,38 давхаруудын хооронд явна. Цамхагт мөн хурдан цахилгаан шатаар зогсолтгүйгээр 41,42 давхаруудлуу гарч болохоос гадна бусад хэсэг шатууд 43-44, 57-58, 59-60, 73-74 давхарлуу хүрэхнээ. Эдгээр цахилгаан шатууд аюулгүй байдлын хэд хэдэн давуу талыг гаргаж иржээ. Хэрвээ давхаруудын дунд гацсан бол механикаар жолоодож нэг цахилгаан шатнаас залгаа шатруу шилжин очоод ханан дахь хавтанг нээж гарч болох юм. Ингэснээр хүмүүс цахилгаан шатны хооронд алхах боломжтой гэсэн үг. Нүүлгэн шилжүүлэлтийн үеэр хурдан цахилгаан шатыг л хэрэглэх юм байна. Энэ нь доод давхар болон 41,42-р давхараас л хөдлөнө.           

Барилгын Онцгой байдал
     9/11  Америкт болсон террорист халдлагын дараа ихэр барилгыг шалгаад ямар ч аюултай зүйл, тэсрэх бөмбөг байхгүй гэж үзсэн боловч Петронас цамхагаас мянга мянган хүмүүсийг гаргаж, нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулжээ. Үүний дараагаар ажилчид болон худалдааны төвийг зоригсдыг гурван цагын дараа буцаж ирж болно гэж үзсэн байна.
2005 оны 11 сарын 4-ний орой Суриа КЛЛС-ийн кино театрын хэсэгт галын дохиолол ажиллаж үйлчлүүлэгчдийг ихэд сандаргажээ. Гэвч тэндээс хэн нэгэн гэмтэж бэртээгүй байна. Учир нь барилга бараг л хоосон байсан бөгөөд цаг орой болсон байсан учраас зарим нэг ресторан л хүнтэй байжээ.
2009 оны 9 сарын 1-ний өглөө Францын авирагч Хүн аалз хочит Алайн Роберт ямар ч хамгаалалтгүйгээр зөвхөн гар хөлөө ашиглан хоёрдугаар цамхагруу авирсан боловч хоёр цагын дараа түүнийг баривчилсанаар үзүүлбэр дуусжээ. Өмнө нь түүнийг 1997 онд авирч байхад нь 60 давхар дээр цагдаа нар барьсан бөгөөд оройд нь гарахад ердөө 28 давхар үлдсэн байжээ. Хоёрдахь оролдлогоо тэр 2007 онд 3 сарын 20-нд хийж ийнхүү арван жилийн дараа эсрэг талын цамхагын бас л 60 давхарт нь  цагдаа нарт баригджээ. Петронасын ихэр хоёр цамхаг дээр олон кино зургууд авагдаж байсанаас Болливуудын олон кинонуудыг ч тэнгэрийн гүүрэн дээр зураг авалтыг нь хийж байжээ.


“Лао Це-гийн хэлсэнээр хоосон чанар бол хананд биш хоосонд оршино гэсэн байдаг. Тэр мэдээж оюун ухаан, сэтгэлгээний мөн чанарын талаар ярьсан. Гэхдээ үүнд бас Петронас цамхагийн мөн чанар байгаа мэт. Хоосон чанарын хүч өсөн нэмэгдэх бүрт явган хүнд цогцолбор байгууламж шиг тэнгэрт хүрэхэд нь туслах гүүр болж, хязгааргүй уудам орон зайруу орох үүд хаалга нь болж өгдөг. “
Цезар Пилле ( Архитекторч 1995 он)

( Barilga.mn 2012)

No comments:

Post a Comment