Monday, June 9, 2014

Шанхай- Дэлхийн санхүүгийн төв

Шанхай-Дэлхийн санхүүгийн төв
Дэлхийн өндөр барилгуудын нэг болох Шанхайн санхүүгийн төв барилгаас аялалын дугаараа эхлэхээр шийдлээ. Энэ хот 19 сая гаран хүн амтай.  Үүнийгээ дагаад Хятадын худалдааны төв хот болж чадсан. Хөгжил дэвшилтэй, хүн ам ихтэй хотод өндөр шилэн барилгууд хотын чимэг, улсын хөгжлийг харуулж байдаг. Эдгээрийн нэг бол бидний танилцуулах Шанхайн санхүүгийн төв барилга юм. Гайхамшигтай өндөр тэнгэр баганадсан энэ барилга Шанхай хотын Пудонд байрлана. Энэ байшинд олон төрлийн үйлчилгээ явагддаг бөгөөд Албан байгууллага, зочид буудал, уулзалтын танхимаас гадна хотыг бүхэлд нь харж болох өндөр дээвэртэй, доод давхруудад үйлчилгээний газар, дэлгүүр болон ресторан байрлах энэ барилга гадаадын жуулчид гэлтгүй дотоодын иргэдийн  байнга очих дуртай газруудын нэг юм.
Барилгыг  Хятад болон Хонг Конгын банк мөн Япон улсын санхүүжилтээр барьсан байна. Барилгын загварыг анх гаргахдаа дугуй нүхэн хэлбэртэй хийсэн боловч Хятадууд үүнийг Японы төрийн далбаа дээрхи мандаж буй нар шиг харагдаж байна гэж бага зэрэг эсэргүүцэлтэй тулгарсанаар анхны загварыг өөрчилж одоогийнх шиг тэгш өнцөг хэлбэр бүхий нүхэн оройтой барьжээ. Тарапец хэлбэртэй энэ нүхэн загвар нь ган болон хатуу бетоноор хийгдсэн нь хүчтэй салхи, шуурганд барилгыг ганхашгүй бат суурьтай байлгахад нөлөө үзүүлэх юм.
2007 онд уг барилга нь 492 метр өндөртэйгээр дэлхийн хамгийн өндөр барилгын хоёрдугаарт орж байсан. Харин одоог хүртэл Хятад улсын хамгийн өндөр барилга  гэж тооцогдсоор байгаа бөгөөд Хонг Конгт ч ийм өндөр барилга баригдаагүй гэнэ. Дэлхийн өндөр байгууламжууд гэх жагсаалтанд хамгийн өндөр давхартай, хамгийн өндөрт байрлах дээвэртэй гэгддэг Шанхайн санхүүгийн төв нь 2008 оны 8 сарын 28-нд  албан ёсоор нээлтээ хийж хотыг тольдох дээврийн хэсэг нь 3 хэсэгтэйгээр үүд хаалгаа нээжээ.




2007 оны 8 сард барилгад гал гарч 40 дэх давхрыг бүхэлд нь хамарсанаас цагийн дараа гадагшаа олгойдох утаа тод харагдаж эхэлсэн байна. Галыг  унтраах арга хэмжээ тэр дор нь авсан бөгөөд ямар ч хүн эрсдэж гэмтээгүй байна . Гэвч гал гарсан шалтгаан нь одоог хүртэл тодорхойгүй байгаа. Хотыг харахыг хүссэн жуулчин 94 давхар буюу 423 метрийн өндөрт гарч болно. Түүнээс гадна хоёр дахь хэсэг болох 97 дахь давхар буюу 439 метрийн өндөрт гарч болох юм. Харин та хамгийн өндөр дээрээс хотыг харахыг хүсвэл 100 дахь давхар болох 474 метрт гарч Шанхай хотын хөгжил, сайхан бүхнийг харж болно. 94 давхарт гарахын тулд 100 юань төлнө. Бүх давхарт гарч үзэхийг хүсвэл 150 юань төлөөд үзэх боломжтой. Давхруудад түргэн хүргэх 31 цахилгаан шаттайгаас гадна 33 урсдаг шаттай. Шанхайд очвол хамгийн түрүүнд үзэх газруудын нэг бол яахын аргагүй энэ сүрлэг өндөр байшин юм. Хотын хаанаас ч та такси барьсан Пудонг Файненшил центр гэж хэлээд очиж үзээрэй. Аялал тань адал явдлаар дүүрэн байг.

 (Barilga.mn 2009)

No comments:

Post a Comment