Monday, October 22, 2018

Эмээ өвөө нар минь


Би их азтай. Өсөх насанд минь надад хоёр эмээ, хоёр өвөө байсан юм. Амьдралын жам, насны эрхээр хоёр өвөө маань тэнгэрийн орноо заларч хоёр эмээ минь үлдэж хоцорчээ. Ер нь амьдрал дээр хараад байхад эрчүүд нь дайнд үрэгдсэн мэт ар араасаа эрт яваад өгөх юм. Эмэгтэй хүмүүс л гэрээ сахиад энэ насаа элээж дуусахыг хүлээж үлдэх юм. Гунигтай хэрнээ зохицуулж болохгүй амьдралын жамаас хазайж болохгүй нь гачлантай. Гэсэн хэдий ч эмээ өвөөтэйгээ өнгөрүүлсэн тэр цаг мөчүүд бага насны дурдатгалууд одоо ч сэтгэлд дотно байдаг.  Өвөө нартай хамт байсан нандин сайхан өдрүүд, тэдний ярьдаг сонин яриа, үлгэр домог, сургаал сургамжаар дутаж байгаагаа одоо л мэдэрч байна. Багадаа би болон миний эгч дүү нар эмээ өвөөтэйгээ ихэд ойр өссөн. Аавын, ээжийн гэх хоёр эмээ өвөөтэйгээ хот хөдөөгүй л хамт ирж очин байхдаа тэр л сайхан дурсамжуудыг сийлээд үлдээжээ. Хамгийн сайхан дурсамжууд хүүхэд насанд үлддэг гэж үнэний ортой бололтой. Хүүхэд насанд эмээ өвөөгийн гэрээр орж, дураараа идэж ууж, тоглож наадаж байсан тэр цаг уруу эргээд очих боломж олдвол миний хувьд дуртайяа очино. Би дөрвөн эмээ өвөөгөө хотын, хөдөөний гээд нэрлэчихсэн. Аль алиных нь гэрт хүүхдүүдийн дуу тасрахгүй. Бидний гэр бүл өнөр олуулаа болохоор ач зээ нар эмээ өвөөгийн гэрийг харин ч нэг буулгаж өгдөгсөн. Хөдөөний эмээ өвөө хоёр минь ач зээ нараа ажил хөдөлмөр, боловсрол мэдлэгээр дориун өсгөхөд бүхий л анхаарлаа хандуулдаг байсан. Хөдөөний эмээ өвөөгийн гэрт сонин зүйлс их өрнөсөн. Өвөө маань хүүхдүүдтэйгээ шатар тоглоно. Ном уншихыг зөвлөнө. Өглөө босоход өвөө будаатай цай хийгээд хүүхэд бүрт аягалаад тавьчихсан байдаг билээ. Хөдөөний өвөө маань зүгээр суудаггүй, гарын ур дүйтэй, хоол цай сайтай. Хэдэн хүүхдээ өлсгөхгүй, цангаахгүй хоол ундыг нь бэлдчихдэг байсан. Аав ээж нар цайны цагаараа өвөө эмээгийн гэрт ирж үдийн цайгаа уучихаад л явна. Аав ээж хоёрыг цайгаа ууж дууссаны дараа эмээ өвөө хоёр заавал 5 минут хэвтүүлж амраагаад ажилд нь явуулдаг байсан гэдэг. 
Миний хувьд олон сайхан дурсамжаас онцгой дурсамж байдаг. Өвөөдөө би мундаг гэдгээ харуулах гээд Р.Чойном найрагчийн "Сүмтэй будрын чулуу" шүлэг, найраглалын номоос цээжээр уншиж өгөөд л, өвөө найз өвгөчүүлээ орж ирэхэд нь надаад тэр номон дээрээс шүлэг уншуулдагсан. Ач охиноороо л онгирч байгаа нь тэр л дээ. Хөдөөний өвөө маань шатар их тоглоно. Хааяа гэрээрээ цуглаж даалуудна. Өвөөгөөс шатар сураагүй хэдий ч тоглохыг нь харж суух дуртай байсан. Оньсон тоглоом, ясан тоглоом өөрийн гараар урлаж зарна. Шатар ч хийнэ. Боловсролыг шүтсэн, үр хүүхдээ зөв хүмүүжүүлсэн мундаг өвөө байсан гэж одоо боддог. Өвөөгөө чанга дуугаар уурлаж хашгирч байхыг үзээгүй. Хааяа хүүхдүүддээ загнахдаа тэгэж болохгүй, яагаад гэвэл гээд учрыг нь хэлнэ. Бүр болохгүй бол жаахан ширүүхэн дуугарна. Харин хотын өвөөгийнхөө тухайд багахан боловч бас дурсамжтай. Багахан гэдэг учир нь хотын өвөө маань дөнгөж 50 гараад өөд болсон. Гэхдээ л өвөөтэй байсан амьдралын тэр хором мөч дурсгалтай. Хотын өвөө маань урт цагааны уран гартай, бурхан авьяастай засварчин хүн байлаа. Түүнийг урихгүй, залахгүй хүн ч гэж үгүй. Дарга сайдаас эхлээд цахилгаан хэрэгсэлтэй айл бүр урьж аваачиж хөргөгч, зурагт, цахилгаан халаагуураа засуулна. Урьсан болгон дээр уриалгахан очоод айл айлаар, хүн бүрт чаддаг мэддэгээрээ харамгүй тусалдаг байж дээ. Түүнийг өөд болсоны дараа асууж сураглах хүн мундахгүй олон болсон доо. Учир нь  тухайн үедээ хэн хүний эзэмшээд, мэдээд байхааргүй инженерийн ур чадварыг гартаа оруулчихсан хүн байсан. Хотын эмээ өвөөгийн гэрт хүүхдүүд бужигнахаараа эх захгүй л юм болдог байсан санагддаг юм. Өвөөгийн нэг түүхийг санадаг юм. Гадаа гудамжинд байгаа гөлгийг өрөвдөөд гэртээ оруулаад түгжчихээд явчихсан хойгуур өнөөх гөлөг нь гэрийн хамаг юмыг урж, зулгаагаад, замбараагүй болгосон байсан гэж эгч ах нар одоог хүртэл ярьж инээлддэг. Ингээд л хотын эмээ өвөөгийн гэрт хүүхдүүд хөлөөрөө толгой хийж, толгойгоороо хөл хийж тоглож өгдөг байлаа. Хотын өвөө мөнгөө авахаараа бүх хүүхдүүддээ чихэр, жимс аваад ирнэ. Бид нар иштэй чихрээ амандаа зуугаад л шалаар нэг өнхөрч тоглодог байсан маань санаанаас ер гардаггүй юм. Өвөө эмээ хоёр тэнд сандал дээр суугаад биднийг ажиглаад сууж байсан дүр зураг одоо тод үлдчихсэн. 
Эмээ нарынхаа тухай ярих юм ихээ. Одоо эмээ нар минь амьд сэрүүн 80 гарсан хөгшид бий. Хөдөөний эмээгийн зарчимтай, хүмүүжилтэй, боловсролтой болгох гэсэн хүслийн дагуу ач зээ нар нь одоо мундаг хүмүүс болсон гэж би дүгнэдэг. Хотын эмээгийн ажилсаг, хөдөлмөрч, зогсолтгүй хөдөлмөрлөдөг, цэвэрч нямбай занг бүх хүүхдүүд нь өвлөчихсөн. Хоёр эмээ маань хоёулаа заваан залхаг байдлыг үзэхгүй. Хөдөөний эмээ маань насаараа эмнэлгийн байгууллагад ажилласан болоод ч тэр үү хүүхдүүддээ эрүүл ахуйн дэглэм сахиулах тал дээр хатуу чанга хүн. Хотын эмээ гэр орноо бохир байлгах дургүй. Хотын эмээгийн шалны алчуур нь цас шиг цагаан байдагыг тод санадаг юм. Хотын эмээ гутал хийнэ. Хүүхдүүддээ олон янзын гутал хийж өмсгөсөн дөө. 

Эмээ өвөө ялгаагүй л хүүхдүүдээсээ илүү ач, зээ нараа эрхлүүлдэг юм шиг санагддаг.  Харин өвөөг бодвол эмээ нар илүү хатуу байдаг. Гэхдээ энэ нь ч зөв. Эмээ өвөө хоёр хамтдаа эрхлүүлвэл энэ хүүхдүүд ч толгой дээр гарна шүү дээ. Эмээ өвөөгийн тухай дурсахаар би өөрийнхөө хүүг эмээ өвөөтэйгээ ойр өсөж байгаад баярладаг. Учир нь эмээ өвөөтэйгээ ойр өссөн хүүхэд хайраар дутахгүй өсдөг юм гэдгийг ойлгосон. Эмээ өвөөтэйгээ өссөн хүүхэд бусдыг хайрлах ухаанд суралцахаас гадна амьдралын ухаанд суралцаж байдагыг ухаарсан. Тийм ч учраас насан өндөр болсон ч эмээ өвөө дээр нь хүүхдүүдээ аваачиж хамт байлгах хэрэгтэй. Өвгөд хөгшид маань тэр бяцхан ертөнцийг хараад өөрсдийгөө үхэхэд ч хоргодох зүйлгүй гэдгээ мэдэрдэг гэнэлээ. Гэрээр нь гүйлдэх тэр жаалууд л өвөө эмээ нарын аз жаргалтай, утга учиртай амьдарч ирсэний шалтгаан болдог юм. Учир нь бид чинь эмээ өвөөгийнхөө үргэлжлэл шүү дээ. Өвөө эмээ нартаа үргэлж хайртай байсан, одоо тэднийг ямар ихээр санаж суугаа сэтгэлээ энд ийнхүү бичиж сууна. Амьдралын нэгэн хэлхээс болсон өвөө эмээ нартай хайртай шүү. 

Хайрт өвөө Мангал, Сугар, эмээ Янжмаа, Гэрэл нартаа зориулан дурсгал бичив.
Охин Баясалмаа

No comments:

Post a Comment