Thursday, October 17, 2013

Ж.Ло: Өнгөрсөн амьдрал минь надад аливаа зүйлийг даван туулах чадварыг өгсөн

Миний блогоор зочилдог найзууддаа Женнифер Лопезийн 2012 оны 9н сард "Instyle" сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна. Энэ эмэгтэйг ямар их шүтэн биширч, үлгэр дууриаллаа болгодог гэдгийг та нар надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа билээ. Тиймээс түүний талаар бага ч гэсэн блогтоо оруулах нь зүйтэй болов уу гэж бодлоо. Сонирхон уншина уу.

" Амьдралдаа би аливаа зүйлээс гарах гарц заавал байдаг гэдгийг ухаарсан"
                                                                                               Женнифер Лопез


Өнгөрсөндөө эргэж харамсах хэрэггүй гэж бид ярьдаг гэвч үүнийг хүн бүр чаддаг билүү?

Та бүгдийг эхнээс нь эхлэхээс айдаг уу? Тэгвэл Женнифер хэзээ ч айдаггүй. 
Тэр бол жүжигчин, дуучин, шоу бизнесийн хатан, ихрүүдийн ээж, эрч хүчээр цалгиж байдаг эмэгтэй юм. Тэр хамгийн анхны дэлхийг тойрох аялан тоглолтдоо гарахаар бэлтгэж байгаа бөгөөд мөн шинэхэн хайртай учраад удаагүй байгаа. Тэр дахин бүжиглэж байна.                  "Уран бүтээлч хүнийхээ хувьд би өөрийгөө үргэлж эрэл хайгуул хийж,  хөгжүүлэх гэж хичээж явдаг уйгагүй хүн гэж хэлэх байна" (Deborah Marquit-ийн нийлэг дээр хйисэн торон комбинзон, H.Stern-ий 18-н сорьц бүхий алтан хөндлөвчтэй алмаазан шигтгээтэй ээмэг)


"Би одоо бүрэн боловсорсон. Миний хувьд хоёр хүнийг өсөж том болоход нь туслаж буй эх хүн учраас өөрийгөө би өмнөхөөсөө илүү ихийг мэддэг болсон гэж бардам хэлж чадна."
( Wolford-ийн нийлэг даавуун ханцуйгүй цамц, Salvador ferragamo-ийн арьсан юбка, H.Stern-ий 18 сорьцтой алмааз болон алтан ээмэг, баруун гаранд Ana Khouri-ийн 18 сорьцтой алтан бөгж, Зүүн гаран дахь бөгж болон бугйвч нь түүний өөрийн гоёл мөн загвар зохион бүтээгч Giuseppe Zanotti-ийн загвар бүхий Swarovski-ийн болор чимэглэлтэй өнгөлөг углаашан гутал)



Эдгээр зургийн цуглуулга нь Ж.Ло-ийн 2012 оны 6 сарын 27-нд Рио Де Жанерод хийсэн тоглолтын зураг юм. Хөлбөмбөгийн орон, гайхамшигтай арлуудаараа алдартай тус улсын 7000үзэгчийн өмнө дуучин маань амьд тоглолтоо хийсэн. 
"Би бүжиглэж байх үедээ өөрийгөө тачаангуй гэж мэдэрдэг. Мөн дасгал хийж өөртөө  анхаарал тавих үедээ үнэхээр сайхан мэдрэмжийг авдаг."





"Тэнцвэртэй байдлаа хадгална гэдэг маш чухал, чамайг юу хамгийн аз жаргалтай болгодог вэ гэдгийг чи мэдэж байх хэрэгтэй. Ингэснээр чиний амьдрал яг л чиний хүсэж мөрөөдөж байсан шиг байх болно."
(Valentino-ийн савхин ханцуйгүй цув, Debborah Marquit-ийн торон комбинзон,  H.Stern-ий гоёл,    Ana Khouri-ийн алмааз болон далайн сувдан,18 сорьцтой цагаан алтан бөгж, загвар зохион бүтээгч Giuseppe Zanotti-ийн илгэн углааш гутал )

"Би хөгшрөөгүй учраас нас ахихын сайн тал нь юу болохыг хэлж мэдэхгүй юм."
(Tom Ford-ийн торгон даашинз, Tom Ford-ийн загвар Swarovski-ий, H.Stern, Caroline Amato  )

Эгнүүлэн өрсөн нарны улаан шүхрүүд, бүртийх ч үүлгүй цэлмэг тэнгэр, янз бүрийн загвар хийцтэй, өнгөлөг усны хувцастай сэлэгчид, биеийн өчүүхэн хэсгүүдийг халхлах төдий наран шарлагын хувцастай бүсгүйчүүд энэ бүхэн Рио Де Жанеро хотын үзэсгэлэнт Ипанема арлын бүлээхэн цагаан элстэй хослоно. Гүн цэнхэр далайн эргээс хэдхэн алхмын зайд Фасано зочид буудлын хүлээлгийн танхимын архан талд жижиг уушын газар сэрүүн агааржуулагч асаан зочноо хүлээж байлаа. Удалгүй цахилгаан шатны хонх жин хийж хаалга нь нээгдэхэд Женнифер Лопез өрөөнд орж ирлээ. 

Энэ нийтлэлийн зураг авалт хийгдээд хэдийнэ урт өдөр өнгөрсөн бөгөөд эхний зураг авалт өглөө эрт  Филлип Старкийн орчин үеийн загвартай зочид буудлын долоон давхарт явагдсан юм. Үд болоход зураг авалтын багийнхан Лопезийн тоглолтоо үзүүлэх  HSBC Arenaгийн тайзны арлуу шилжицгээлээ. Энэ 2 цагийн хугацаанд хийсэн цуваа машинтай аялал гайхалтай байсанаас гадна замбараагүй замын бөглөрөл үүсгэлээ. Дөрвөн ширхэг бага оврын ачааны машин, гурван том хүн тээврийн машиныг цэнхэр дисант өмд, хамгаалалтын хантаазтай, мотоцикл хөлөглөсөн булчинлаг залуу цагдаа нар дагуулан хамгаалж зураг авах талбайг зайчлан машинуудыг зогсоож байв. Харин одоо зургийн багийнхан сүүлийн зургаа авахаар Фасано буудлын энгийн нэг хэсэгт ирэв. Зөөгч хуруу сэндвич болон шинэхэн жимсний шүүсээр зураг авалтын болон уран сайханы багийн 30аад хүнд үйлчилж байлаа. Царайлаг зурагчин залуу туслахууд зургийн аппаратынхаа гэрлийг гялбуулан зогслолтгүй чад чад  хийлгэнэ. Байнга ажиглан хянаж байгаа ширээн дээр шигтгээ, чулуунууд нь нүд гялбам гялтагнах үнэт эдлэлүүдийг гарган өрсөн гурван хэсэг тавиур байрлуулжээ. Дээд давхарт Лопез өөрийн хувцасыг өмсөж, сольж, үс зэргийг янзлан дараагийн зураг авалтанд бэлднэ. Энэ бол Лопезийн хувьд бас нэгэн ажлын өдөр бөгөөд түүний хувьд сайхан байх уу саар байх уу гэдгийг харуулах бас нэгэн шалгуурын өдөр гэж болно. Хэдхэн цагийн дараа 43 настай од маань товшин бүжиглэж, 60 минутын турш үргэлжлэх концертын тайзыг ( тоглолтын нэг хэсэг болох загвар зохион бүтээгч Зухэйр Мурэйдийн урласан биеийн өнгөтэй, гялтганасан бүжгийн даашинз түүний гоо сайхан галбирыг улам тодруулна) эзэгнэнэ. 

Түүнтэй нэг өдрийг өнгөрүүлэхэд Латин Америкаас гаралтай гэр бүлийн Бронкст төрж өссөн охин яаж ийнхүү Форбес сэтгүүлээс явуулдаг дэлхийн хамгийн чадварлаг алдартай хүмүүсийн нэг хэмээн өргөмжлөгдөж, Опра Уинфрэй болоод Жастин Бэйбэртэй нэр зэрэгцэн явааг тааж ядах юмгүй байлаа. Түүний өөрийн нэр бүхий алдартай 18 үнэртэй ус, Лореал компанитай хийсэн гэрээ, өдөр тутмын болон загварын Кохл хувцасны дэлгүүртэй хийсэн ажил мөн түүний буяны үйл ажиллагаа, түүгээр ч зогсохгүй твиттерт түүнийг дагах 9 сая дагагч  , фейсбүүк дэх 14 сая шүтэн бишрэгч нар (тэдгээр дагагч, шүтэн бишрэгч нарын нэг нь би.Орчуулагч) мөн уржнан жил 20 сая долларын цалинтайгаар Америкийн шүтээн нэвтрүүлгийн шүүгчийн ажлыг 2 жил дараалан хийсэн (энэ жил өөрийн хүсэлтээр татгалзсан) , сүүлийн цомог болох "Dance again ... the hits" цомгоороо хоёр ихэр хүүхдийнхээ эцэг 7 жил хамт амьдарсан нөхөр Марк Антонигоос салж буйгаа дэлхий дахинд мэдэгдсэн гээд энэ бүхэн хэцүү ч гэлээ гайхамшигтай чадварын бодит нотолгоо болж байгаа юм. 
Намайг түүнээс амьдралынх нь замналын тухай асуухад "Би залбирлаар амьдардаг учир нь бурхан бидэнд хийж чадахгүй зүйлийг минь хэзээ ч үүрүүлдэггүй. Хэцүү болоод муу зүйл тохиолдох хүртэл чи ухаарахгүй явна гэсэн үг биш юм. Тэр хэцүү өдрүүдэд, шаналал мэдрэх үедээ чи ухаарч амьдарч байдаг. Ямар ч зүйлээс шантарч айх хэрэггүй. Удахгүй бүх зүйл сайхан болно шүү дээ" гэж тэрээр хэллээ. Тэрээр сүүлийн арван хэдэн жил гялалзсан амжилтыг үзүүлсээр ирсэн билээ. 25аас илүү кинонд тоглож, 10 цомог гаргасан бөгөөд 30гаран хит дуу гаргажээ. Тэр бидний өмнө улам тодрон гялалзсаар байна. Бид түүнийг Женни, Ж.Ло, Беннифер (энэ нэрийг жүжигчин Бен Аффлектай дотно харьцаатай байх үед хэвлэлийнхэн өгсөн) мөн Женнифер Лопез-Антони буюу шинэ үеийн Латин хөгжмийн хамгийн анхны эмэгтэй гэж мэддэг. Харин өнөөдөр бол тэр Макс болон Эммэ хэмээх дөрвөн настай хоёр ихрийн ээж, уран бүтээлч, бизнес эрхлэгч хатагтай, мөн туйлын романтик ажил хэргээ уян хатан явуулдаг эмэгтэй юм. 

Өнөө оройны тоглолтон дээр түүний хүчтэй зүрх дэлгэцэн дээр тодрон цохилж, 25 настай найз залуутайгаа халуухан pass de deux (нэг төрлийн хослон бүжгийн хэлбэр бөгөөд баллетад голдуу үзүүлдэг, эрэгтэй эмэгтэй бүжигчдийн хос үзүүлбэр) бүжиглэнэ. Нидрэг шиг булчинтай, шивээс болсон гартай бүжиг дэглээч энэ залуу түүний "Dance again" дууны клипэнд мөн тоглосон юм. Энэ клип дуучны дур булаам байдлыг харуулсан анхаарал татахуйц бөгөөд түүний тачаангуй байдал нь Жанет Жексоны энэ насыг санагдуулам ажээ. Концертын ихэнхи үед хүүхэд шиг царайтай түүний найз залуу Каспер Смарт тайзны урд байрлах дууны тохиргоон дээр Лопезийн удаан хугацаанд хамтран ажилласан менежер Бэнни Мэдинатай хамт сууна. Тэд тоглолтын явц бүрийг анхааралтай үзнэ. Учир нь энэ бол Лопезийн өмнөд америкт болоод энэ намар дэлхий даяар хийх аялан тоглолтын загвар юм. Дуучин маань ирэх аравдугаар сарын 5-нд Лиссабон, Португалд тоглолтоо хийхээс гадна 48 хоногийн түргэвчилсэн аялалаар Европ, Ойрхи Дорнодын улсуудаар очиж тоглох юм. Үүнээс гадна Лопез жүжигчин Жейсон Статхамын эсрэг гэмт хэрэгтэй кинонд дүр бүтээж байгаа бөгөөд ABC продакшны гэр бүлийн олон ангит кинонд ижил хүйстэн хосуудын дүрд мөн Casper Smart нэртэй бүжиг дэглээчийн тухай Oxygen-ий реалити шоунд оролцон тогложээ. 

Тоглолтын төгсгөл үед кепик малгайтай Каспер бөөгнөрсөн хүмүүсийн дундуур зүтгэн орж тоглолтын тайзны арлуу орлоо. Гэнэт тэрээр цээж нүцгэн Лопезийн ард зогсож арьсны өнгөт бариу өмдтэйгээ дуучны алдартай өгзөгнөөс бариад авахад үзэгчид орилолдон уухайлж тэд бүжиглэж эхлэнэ. 

Риод байхдаа хосууд алдартай дуучныг фенүүдээс нь арай өөрөөр хайрладаг, түүний хөдөлгөөн бүрийг уйгагүй мөшгидөг паппарацуудын хараанд байнга өртөж байлаа. Тэрээр далайн элсэн дээр Каспер болон ихрүүдтэй дуу шуугиантай тоглож, Риод өнгөрүүлэх сүүлийн өдрүүддээ далайн эрэг дээр амарч, үүнийг нь паппарациуд анхааралтай авч, Смарт биеэ цагаан алчуураар ороон, дуучин од маань олны сониуч харцнаас хамгаалах мэт нарны шил зүүж басхүү орчин тойрныг ажиглан мэдрэн байх нь тэд хичнээн ачаалалтай ажилласаны дараа амасхийж байгаа нь илт байлаа. Гэхдээ Лопез гомдоллохгүй, учир нь тэр нэр алдартай байхын олон зүйлд хэдийнэ дассан. Эцсийн үр дүнд энэ нь түүнийг ажлаа хийж байна л гэж л мэдрүүлдэг байна. 

Дээр дурдсанчлан Фасано зочид буудлын арын баранд түүнийг ирэхэд багийн бүрэлдэхүүн хэдийнэ сүүлийн зураг авалтаа хийхэд бэлэн болсон байлаа. Цахилгаан шатны хонх жин хийж, гэрэлтсэн хаалга онгойх яг тэр мөчид бүх хөдөлгөөн зогслоо. Өрөөнд байсан 30-аад хүний нүд нэгэн зүгт бүгд ширтэн гөлрөв. түүний арьс нь гангар шаазан мэт гөлгөр, түүний шанаа сийлсэн юм шиг, нүд нь гялалзан яг л зар сурталчилгаан дээр гардаг шиг харагдана. Тэрээр Givency брэндийн хуниастай савхин банзал тансаг хатгамалтай эмжээр бүхий улаан торгон нимгэн цам өмсжээ. Энэ бүхэн гайхалтай төгс харагдаж байлаа. Цаг сэргэж Лопез цахилгаан шатнаас хоёр туслахтайгаа гарч ирлээ.Нэг нь загвар зохион бүтээгчдийн олон гутлуудыг гартаа барьжээ. Тэрээр толгойгоо дээш өргөөд гараа ташаандаа авлаа. Тэр инээмсэглэж байгаа боловч бас тэр энэ бүхнийг төгс хийхийг хичээж байгаа нь мэдрэгдэж байв. 

Өнөө орой тоглолт болно. Тавхан цагийн дараа туршлагатай дуучин маань олон гэрлийн доор, уухайлан хашгирах мянга, мянган үзэгчдийн өмнө тайзан дээр гараад "Бүгдээрээ хийцгээе" гэж хэлэхэд үзэгчид бүгд дороо үсэрцгээнэ. 




Та бүхний асуултанд Женнифер хариулж байна.


Бразилд байхдаа шаргуу од дуучин маань Instyle сэтгүүлийн дэлхийн өнцөг булан бүрийн уншигчдын асуултанд хариулт өгсөн юм. Эхний асуулт Румен улс:

Хувцасны шүүгээнээс хэзээ ч гаргаж хаяж чадахгүй цорын ганц хувцас чинь юу вэ? (Camellia Burjuja,Cluj-Napoca, Romania)

Gucci найз залуугийн жинсэн өмдөө би сүүлийн дөрвөн жил өмсөж байна. Хэдийгээр өмд маань олон цоорхой нүхтэй болсон ч гэлээ би өмссөөр л байгаа.  (boyfriend jeans гэдэг нь хэлхгэр болоод сэмэрсэн уранхайтай өмдийг хэлнэ)

Ямар төрлийн гоёл чимэглэлд та ухаангүй татагддаг вэ?
Brooke Murtaugh, Lincoln, Neb

Би том цагирганд маш их дуртай бас томоос том ээмгэнд дуртай. Миний хувьд бүх төрлийн гоёл чимэглэлийг цогцоор нь хэрэглэх дуртай бөгөөд хувцас бүрт тохирсон жижиг зүйлүүдийг ч хэрэглэдэг. Энэ үргэлж миний загварын нэг хэсэг байсаар ирсэн.

Таны хамгийн анх бэлгэнд авсан үнэт эдлэл чинь юу байсан бэ?
Annie Detrick, Homewood, Ill

Миний гэр бүл их шүтлэгтэй хүмүүс. Шүтлэгтэйн үүднээс би хамгийн анх загалмай бэлгэнд авч байсан. Миний нэг багын зураг байдаг. Бугуйвч гэж нэрлэж болохоор ээмэг чихэндээ зүүчихсэн. Гэхдээ миний санаж байгаагаар хамгийн анхны үнэт эдлэл бол загалмай байсан.

Та үсээ яаж арчилдаг болоод ийм гайхалтай үргэлж сайхан байдаг юм бэ?
Alison Lee, La Canada, Calif.
 Би ердөө л ойр ойрхон угааж арчилдаг. Үсээ өдөр бүр угаагаад байвал үс арзайдаг. Түүнээс гадна би Лореалийн үсний арчилгааны хэрэгслүүдээ байнга хэрэглэдэг, бүгдийг нь гэртээ аваад тавьчихдаг.

Хэрвээ та гоо сайханы хэрэгсэлээс ганцыг л сонгож хэрэглэх бол аль бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх вэ?
Regina Franczak, Warsaw, Poland

Чийгшүүлэгч бол миний нүүрэндээ хэрэглэдэг хамгийн чухал зүйл. Би өглөө, орой бүр чийгшүүлэгч л түрхдэг.

Таны галбираа хадгалж чаддаг нууц юу вэ?
Katka Kosova, Prague, Chech Republic

Би өөрийн дасгалжуулагч Отом Флатмотой үргэлж ажилладаг. Бид одоогоор Трэси Андерсоны дасгалуудыг хийж байгаа. Бид гар болоод хөл мөн гэдэсний булчингийн дасгалыг голдуу хийдэг. Дасгалжуулагч маань бас бяцхан бүжгийн хөдөлгөөн оруулж өгдөг. Энэ нь цусны эргэлтэнд нөлөө үзүүлдэг юм. Би бас туухайнууд өргөдөг гэхдээ тийм ч хүндийг биш л дээ. Ердөө л биеийнхээ булчингуудыг халааж, хөлрөхийн тулд , биеийн галбираа сайхан байлгаж, уян хатан байхын тулд л юм даа.

Та хэзээ ч муухай зураг авхуулдаггүй, камерын өмнө өөртөө итгэлтэй байхыг хэрхэн сурсан юм бэ?
Kisha Fuller, Natick, Mass
 Би 15,16 настай байхдаа загварын дамжаанд явж байсан. Гэхдээ энэ бүхэн миний төрөлхийн авъяас болов уу гэж боддог юм. Хамгийн хөгжилтэй нь миний охин Эммэ бас үүнийг чаддаг. Тэр камерийн өмнө хэрхэн биеэ авч явахаа сайн мэддэг.

"Dance again" клипэнд Каспер та хоёр дүрэлзэж байдаг. Бүжиг таны сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх нэг зэвсэг үү?
 Isabelle Hill, Greenwich, Conn

Би бол бүжигчин хүн тйимээс ч бүжиглэх, бүжиг дэглэх нь миний өөрийгөө илэрхийлж байгаа нэг хэлбэр юм. Дуу хөгжим болоод кинонд тоглож байна гэдэг нь чи өөрийгөө нээж харуулж байна гэсэн үг. Бүжиглэнэ гэдэг нь үүнийг тачаангуйгаар илэрхийлж байна гэж хэлж болно.

Энэ бүх үүрэг хариуцлага, ажлын хажуугаар та яаж өөрийнхөө тэнцвэрийг хадгалж байна вэ?
Clarice Young, Cleveland

Миний амьдрал бол гайхалтай сэтгэл хөдлөм амьдрал, тэгээд ч би энэ бүх ажлыг хийж байгаадаа баяртай байдаг. Гэхдээ чи өөрийгөө хайрлаж, өөртөө анхаарад халамж тавьж сурах хэрэгтэй. Энэ бол чиний тогтсон амьдралын хэвшил бөгөөд унтах цагтаа цнтаж, идэх цагтаа идэж, нэг өдөрт өөртөө хэт их ачаалал өгөхгүй байх хэрэгтэй. Үүнээс гадна үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Минийх шиг амьдралын хэмнэлд ороод эхлэвэл чи олон хүмүүсийн анхааралд өртөж тэднээс олон зүйлийн санал, хүсэлт, гуйлт, шахалт хүлээж авах бүрдээ чи "Би үүнийг одоо хийж чадахгүй" гэж хэлж сурах хэрэгтэй болдог. Чи тэдэнд "Надад өөрийнхөө орон зай, тэнцвэртэй байдлаа хадгалах хугацаа шаардлагатай байна" гэж хэлж сурах хэрэгтэй. Заримдаа би зүгээр л хэсэгхэн суугаад амасхийдэг. Тэнд юу ч болж буцалж байсан, хэрвээ би телевизийн шоунд орох бол, тоглолттой байвал, уулзалттай ч юм уу өдрийн турш үйл ажиллагаатай байж, шаардлагатай зураг авалтанд оролцох байсан ч гэлээ би өөртөө хэсэгхэн хугацааг зориулдаг. Тэгээд ч бусад хүн ч гэсэн намайг ойлгоно гэж боддог. Хамгийн гол нь чи өөрөө энэ чамд шаардлагатай гэдгийг ойлгосон байх юм. Хэзээ нэг цагт энэ бүхэн хар дарсан зүүд шиг болж, чамайг галзууруулахыг чи хүсэхгүй л биз дээ.

Таны сэтгэл санааг өөдрөг болгодог зүйл чинь юу вэ?
Montana Birringer, Chicago

Миний хүүхдүүд намайг үргэлж жаргалтай болгодог. Тэднийг миний өрөөнд орж ирэхэд л бүх зүйл сайхан болдог.

Хүүхдүүд чинь том болохын хэрээр ээж байх үүрэг хариуцлагад чинь хэр өөрчлөлт гарч байна?
Dannielle Enegman, Ramsey, Minn

Тэд маань одоо 4 настай болохоор өсөх насандаа явж л байна. Би суралцсаар л байна. Одоо тэд өөрсдийн юмаа өөрсдөө хийдэг болж эхэлж байна. Үүнийг нь харахад хөгжилтэй байдаг. Тэдний хийж байгаа алхам бүр гайхалтай аялал , үнэхээр сэтгэл хөдөлмөөр шүү. Мэдээж би бусад шиг л ээж. Би үргэлж сайн ээж байхыг хүсдэг, тэднийхээ төлөө сайн сайхан бүхнийг хийхийг хүсдэг. Хэдий чи хүсэвч төгс сайн ээж байх боломжгүй гэдгийг би мэдэрдэг. Нэг зүйлийг би маш сайн ойлгосон нь эцэг эх байна гэдэг бол энэ дэлхий дээрхи хамгийн чухал ажил юм байна. Чиний хэн байх хамаагүй, чи юу ч болж байсан энэ бүхнийг хүлээж авах л болно.

Ажлаа хийж байх үедээ бусдыг удирдаж даргалах нь танд таалагддаг уу?
Margaret Miller, Chadds Ford, Pa

Би ихэнхидээ бусдыг удирдах дуртай гэхдээ үргэлж биш. Би уран бүтээлч хүн болохоор нэг тийм түвшин байдаг. Уран бүтээлч хүн, бизнес эрхлэгч хүмүүсийн хооронд сэтгэхүйн ялгаа байдаг. Гэхдээ бизнесээ эрхлэгч эмэгтэй байна гэдэг бол толгой ажиллана гэсэн үг. Би үүндээ дуртай. Энэ нь миний төрөлх байдал юм шиг санагддаг. Надад бизнес эрхлэх төрөлхийн зан чанар  байгаа гэхдээ би илүү уран бүтээлч талаасаа юмыг хийх дуртай. Энэ хоёрыг хослуулж чадсан тохиолдолд би өөрийн махбодид ууссан мэт санагддаг.

Буяны үйл ажиллагааг яагаад эхлүүлэх болсон бэ?
Darnestown, MD

Хэдэн жилийн өмнө миний эгч Линда бид хоёр зэрэг жирэмсэн болсон юм. Энэ үед л бид дэлхийн хэмжээнд хувь нэмрээ оруулж болохуйц ямар нэг ажил эхлүүлэхийг хүссэн. Тэгээд бид Лопезийн гэр бүлийн санг байгуулсан. Бид Лос Анжелесийн Хүүхдийн эмнэлэг дээр очиж тэдэнд ямар нэг туслалцаа хэрэгтэй байгаа талаар санал солилцсон. Тэд үүнд маш их баяртай байсан. Тэд биднийг телевизийн эмнэлэгийн зөвлөлгөөн дээр туслалцаа үзүүлж болно гэж хэлсэн. Энэ нь өвчтөнүүдэд эмч хүрэлцэхгүй үед онлайнаар харилцаж зөвлөлгөө өгч, ажиллах арга юм. Бид Пуэрто-Рикогийн Панамад эмнэлэг нээсэн. Энэ бол том мөрөөдөл гэхдээ бидний уриа бол "Агшин бүрт нэг алхам" гэсэн уриатай.

Таны очиж алжаалаа тайлу, цэнэглэгдэх дуртай нууц газар бий юу?
Jacqueline Bradley, New Providence, Bahama

Ердөө халуун устай онгоц. Би тийм их зүйл шаардаад байдаггүй. Би бол жирийн л нэг Бронксоос гаралтай охин шүү дээ. Надад ердөө л сайхан угаалгын өрөөний онгоцыг халуун усаар дүүргэсэн байхад л хангалттай.

Өсөн дэвжих, нас ахихын сайн тал нь юу гэж та боддог вэ?
Windermere ,Fla

Залуу байхдаа мэдэрч амжаагүй ч үзэж туулсан туршлага гэж байдаг. Энэ нь чи амьдрал дээр заавал үзэж өнгөрүүлж байж ойлгоно гэсэн үг биш юм. Залуу байхдаа чи бүгдийг мэддэг юм шиг санагддаг. Гэвч жил өнгөрөх тусам чи үүнийг мэддэггүй байсанаа ухаардаг. Энэ бол том хүн болохын гол төлөөс юм. Миний бодлоор чи залуу байхдаа олж аваагүй илүү тогтвортой байдалыг нас явах тусам өөрийн дотооддоо олж авах болно.

Та өөрийгөө их дэврүүн сэтгэлтэй хүн гэсэн. Ийм байхын сайн ба муу тал нь юу вэ?
Jeanette Arnold, London

Хамгийн хэцүү зүйл бол чи хэзээ ч хайр байдаг гэдэгт итгэхээ болихгүй. Хэзээ ч шүү.  Гэхдээ энэ нь бас сайн талтай. Чи хэзээ ч итгэл найдвараа алдахгүй бас хэзээ ч бууж өгөхгүй болно.

Орчуулсан Л.Баясалмаа

(Translated from "In Style" September 2012)

No comments:

Post a Comment