Sunday, December 27, 2020

Хайрлах үзэн ядахын хооронд нэг хуруу зай байдаг




Заримдаа сэтгүүлч мэргэжил маань намайг зүгээр байлгахгүй бичихийг хатгаад байдаг юм болов уу. Бичиж ойлгуулвал амар байдаг ч юм уу. Өнөөдөр жиргээнд бичсэн нэгэн сэдвээсээ үндэслээд нэгэн зүйлийг бичмээр санагдлаа. 
Хүн хоорондын харилцаан дээрээс үндэслээд гэх үү дээ. Бид бүгд өөрөөсөө илүү хэн нэгнийг бахархан дуурайж. хүндлэн биширч явдаг. Хайрлан шүтэж, тахин мөргөж ч байдаг. Харин хайрлах үзэн ядахын хооронд ганц хуруу зай байдаг гэлцдэг. Энэ үнэн ч байж магад. Өнөөдөр ухаан алдан унаж тусан дурлаж авсан гутлаа маргааш нь голж, өнөөдөр хайрлаж байсан хүнээ маргааш нь нулимж чаддаг. Харин 
   Харин жинхэнэ хүндэтгэл бишрэл, жинхэнэ хайрлах сэтгэлийг хэн ч ямар ч үзлээр няцааж, нурааж чадахгүй. Учир нь шүтээнийхээ мянган сайханыг олоод харчихсан сэтгэлд ганц муухай зүйл нэвтэрлээ гээд хайрлан хүндэтгэх сэтгэл нь алга болчихгүй. Би нэгэн дуучныг олон жил шүтэж байгаа ч заримдаа түүний алдаа дутагдал, өө сэвийг олоод харчихдаг. Гэвч түүний мянган сайхан, гайхалтай авьяас чадварыг үгүйсгэж зүрхлэхгүй. Үүний адил би нэгэн зохиолчийг хүндэтгэж уншдаг. Гэхдээ түүний нэг дутагдлыг олж харсан. Гэсэн хэдий ч түүнийг хүндэтгэн бишрэх сэтгэл унтрахгүй гэдгээ ч мэднэ. Тэгэхээр хайрлах үзэн ядахын хооронд нэг хуруу зай байдаг гэдэг үг жинхэнэ хайранд зориулагдаагүй юм шиг санагддаг. Зүгээр нэг өсвөр насны дэврүүн бодол, бусдыг даган дуурайх гэсэн дүр эсгэх аюултай зангаасаа болж өнөөдөр шүтэж байсан хүнээ маргааш нулиман гишгэхийг хайр гэхгүй л болов уу. Хүнийг хүндэтгэн бишрэх үзэл ганцхан зүйлээс болж нурж байгаа бол тэр хүндэтгэл биш байжээ л гэж ойлгодог. 

       Үүний адилаар бусдад хүндэтгэх сэтгэл төрүүлж чадна гэдэг бас нэгэн чадвар билэээ. Магадгүй тэр хүн тийм имиджээр амьдрах шаардлага үүссэн байж болно. Хүн бүр л дүр бүтээх хэрэгцээ үүсээд байгаа энэ цаг үед ямар нэг дүр олж аваад тэрэндээ орох амархан. Тэгвэл дүрээ хангалттай сайхан бүтээгээд дүрдээ тултал нь ороод бусдын хүндэтгэлийг хүлээж чадвал том чадвар шүү. Гэхдээ л алим модноосоо хол унадаггүй юм. Хүн ямар ч дүр сонгож бүтээсэн байлаа гээд тэр хүний мөн чанараас нэг их хол зөрдөггүй. Дүр үзүүлж байгаа хүмүүс аяндаа багаа өөрийн эрхгүй
хуулаад гараад ирдэг нь харамсалтай. Тэд таны хүндэтгэлийг хүлээх шаардлагагүйгээр өөрсдөө ил гараад ирдэг. Цаг хугацааны л асуудал. Тэр хүнийг буруутгах аргагүй. 

    Эндээс эцсийн дүгнэлт гарч ирж байна. Миний шунан дурлаж шүтдэг хүн миний хүндэтгэлийг хүлээхүйц хэмжээний учраас би түүний ганц алдааг хүлээн зөвшөөрч чадна. Учир нь ахин хэлье алим модноосоо хол унадаггүй. Алдаатай гэвэл бүх хүн алдаатай. Харин тэр хүн яг үнэндээ хэн бэ гэдэг цаг хугацааны л асуудал. Тэгээд ч тууштай хүмүүст дуртай. Хэн нэгнийг дагаж бодол сэтгэл нь хормын төдийд өөрчлөгддөг, хэлсэн үгэндээ эзэн болдоггүй, маргааш хэнийг ч хайрлаж мэдэх хуурамч хүмүүсээс айдаг. Тэд чононоос ч аюултай. Өөрөөсөө ч урваж магадгүй. 

Л.Баясалмаа 

No comments:

Post a Comment