Friday, July 25, 2014

Гэрлэн хот- Хонг Конг

Хонг Конг гэхээр хааяагүй худалдаа наймаа явагдаж, олон хөлхөлдсөн нарийн гудамжууд, тэнгэр баганадсан өндөр шилэн барилгуудын дүр зураг нүднээ тусаж байгаа биз ээ. Түм түжигнэсэн энэ арал хотын барилга, архитектур дэлхийд гайхагддаг бөгөөд ирсэн явсан хүн бүрийн нүдийг булааж байдаг билээ. Хонг конгт хийсэн аялалын явцад энэ олон сайхан барилгуудаас чухам алийг сонгож уншигчиддаа сонирхуулах талаар нилээн бодсоны эцэст хотын өндөр барилгуудын хоёр нь болох Хятадын үндэсний банк болон Ай ЭФ Си (олон улсын санхүүгийн төв) худалдаа үйлчилгээний цогцолбор байгууламжуудын талаар бичихээр зорьлоо. Хятадын банкны барилга нь нөгөө барилгаасаа урьд баригдсан бөгөөд тухайн үедээ хамгийн өндөртөө тооцогдож байсан гэнэ. Хятад гаралтай Америк архитекторч Ай.М.Пэйгийн зураг төслөөр баригдсан энэ барилга 307 метр боловч хоёр антентайгаа нийлээд 360,9 метр өндөр юм байна. 1989-1992 он хүртэл уг байгууламж Хонг Конгдоо болон Азидаа хамгийн өндөрт ордог байжээ. Өнөөдөр энэ барилга Хонг Конгдоо 4-рт ордог өндөр байгууламж ба 72 давхар энэ барилгын 42 дахь давхар нь олон нийтэд нээлттэй байдаг.


Хятадын үндэсний банкны энэ барилгын загварыг хулс модны ургаж буйгаар дүрслэн бүтээсэн бөгөөд амьдрал ба хөгжил цэцэглэлтийг харуулжээ. Гаднаас нь харахад бүхэлдээ шилэн учраас өдөр ч шөнө ч гайхалтай өнгөлөг харагдана. Энэ нь нэг талаар Хонг Конгийн өнөөгийн барилгын загварын чиг хандлага гэж хэлж болох юм. Анх нийт 100 мянган м2 талбайг эзлэхээр зураг төсөлдөө тусгагдсан байна. Барилгыг  1988 оны 8 сарын 8-нд буюу өлзийтэй сайн өдрийг сонгон нээлтээ хийх гэрээтэй байсан ч үүнээс хоёр жилээр хойшлуулж 1990 онд бүрэн ашиглалтанд оруулжээ. Барилгын гадаад байдлыг харвал таван талт тулгуур багана бүхий хэлбэртэй. Уг барилга нь банкны барилгын хувьд Хятадын Фэнг-Шү мастеруудын хурлаар авч хэлэлцэгдсэн цорын ганц барилга гэнэ. Зарим Фэнг-Шү мастерууд барилгыг хэт хурц өнцөгтэй байна гэж шүүмжилж байжээ. Түүнчлэн олон тооны Х маягын хэлбэрүүд нь сөрөг энергийг агуулсан ч гэж үзсэн байна. Тйимээс зохион бүтээгч нь барилга баригдахаас өмнө зарим нэг өөрчлөлтийг хийжээ. Энэ барилгад этгээд чамин шийдлийг нийтлэг загвартай хослуулж чадсанаараа өнөөдөр Хонг Конгын үзэмжит барилгуудын тоонд зүй ёсоор ордог байна.

Дараагийн танилцуулах барилга бол Олон улсын санхүүгийн төв буюу Ай Эф Си юм. Энэ барилга хэдийгээр хожуу баригдсан ч гэлээ хотын өнгө төрхийг илтгэх сүрлэг өндөр барилга болон сүндэрлэдэг билээ. Санхүүгийн төв гэгдэх энэ цогцолбор барилга нь хоёр хэсгээс бүрддэг бөгөөд эхний барилга болох “Дөрвөн улирал” зочид буудлыг барьсаны дараагаар түүнд түшиглэсэн худалдаа үйлчилгээний газруудыг нэгэн дор төвлөрүүлсэн томоохон цогцолбор болох хоёр дахь барилгыг барьжээ. Хоёр дахь барилга нь Хонг Конгдоо өндрөөрөө хоёрдугаарт ордог цамхаг юм. Харин дэлхийн хэмжээнд ажил үйлчилгээний байгууламжын хувьд өндрөөрөө наймдугаарт ордог байна. Эхний барилгыг 1998 оноос эхлэн барьж 1999 онд бүрэн ашиглалтанд оруулжээ. Энэ нь 39 давхар бөгөөд үүнээс 4 давхарт нь худалдаа үйлчилгээ явуулдаг. Түүнчлэн дөрвөн талд 18 ширхэг хурдтай цахилгаан өргөгч шаттай ажээ.

Хоёр дахь санхүүгийн төв болох сүрлэг өндөр шилэн цогцолборыг 2003 онд барьж нээсэн бөгөөд 415 метр өндөр гэнэ. Үүн дотор 88 цахилгаан шат байхаас гадна 22 давхарт нь өндөр зэрэглэлийн худалдааны газрууд байрлана. Давхаруудын тоонууд ямар нэгэн зүйлийг зөгнөсөн мэт байдаг гэнэ. Жишээлбэл “Табу давхар” буюу 14,24 дэх давхарууд үнэндээ сайн сайханыг зөгнөөгүй мэт Кантон хэлээр 14 гэдэг нь “гарцаагүй үхлийн” харин 24 гэдэг нь “амархан үхэл” гэж сонсогддог гэнэ.


Олон давхар барилга барих нь эдийн засгийн ач холбогдолтой бөгөөд санхүүгийн байгууллагуудыг нэг дор байрлуулахад ашигтай байдаг. Энэ ч утгаараа барилгын 55 дахь давхарт Хонг Конгын мөнгөний бодлого хэрэгжүүлэгч орон нутгын захиргаа байрладаг байна. Сонирхуулахад 55,56 болон 77, 88 давхаруудыг 2001 онд орон нутгийн үнэт цаасны захиргаа 480мянган ам.доллараар худалдаж авчээ. Үүнд үзэсгэлэнгийн танхим байхаас гадна орон нутгийн үнэт цаасны мэдээллийн төвийн номын сан ажлын цагуудад олон нийтэд нээлттэй ажилладаг байна.

Энэхүү барилга нийт 15000 хүний багтаамжтай ба дэлхийн хэмжээнд хоёр давхар цахилгаан шаттай цөөн хэдэн барилгуудын нэг юм. Мөн үүн дотор та дэлхийд нэртэй 200 гаран брэнд бараа бүтээгдэхүүн үнэт эдлэл, гоо сайханы бараанаас сонголт хийх  гээд шоппинг хийхэд үнэхээр тохирсон газар. Дээрээс нь дэлгүүр хэсэх далимдаа амт чанар, тав тухаараа гайхагдсан алдартай зоогийн газруудад тухлан хооллож, дээд зэргийн дарсыг ч амтлах боломжтой. Мөн энэ барилга дотор олон улсын хэмжээний томоохон үзэсгэлэн шоу болдог байна. Түүнээс гадна ирэх явах зочдыг нийтийн тээврийн хэрэгслээр төвөггүй үйлчлүүлэхэд бүхий л нөхцөл бололцоог хангаж олон улсын нисэх буудалруу явах хурдан галт тэргээр үйлчилнэ. Та мөн эндээсээ онгоцны бүртгэлээ хийсэн ч болно. Үүнээс гадна метро, гатлага онгоцууд нөгөө хэсэгтэй холбогдсон байдаг нь нийтийн тээврээр зорчих хүмүүсийн цагыг хэмнэж, тав тухыг бүрэн хангасан байхыг харлаа. Энд 1800 машины зогсоол байрлах нь үйлчилгээний газруудаар үйлчлүүлж буй хүмүүст такси олоход төвөггүй болох нь анзаарагдсан юм.

Та бүхэн Хонг Конгт очвол гэрлэн шоуг мэдээж үзэхгүй өнгөрөөж боломгүй. Учир нь өнгө өнгийн гэрлээр чимэглэгдсэн өндөр шилэн байшингуудад шөнийн цагт гайхамшигтай үзүүлбэрүүдийг үзүүлэх болно. Олон улсын санхүүгийн төв болох энэ нүсэр шилэн цамхаг шөнийн гэрлээ асаах үед үзэсгэлэнтэй харагдаж байсан юм. Олон улсын санхүүгийн төв жил бүрийн он солигдох мөчийг хоромоор тоолж гэрлэн үзүүлбэр үзүүлдэгээрээ алдартай гэнэ. Энэ бол мэдээж мартагдашгүй шинэ жил байх нь ойлгомжтой. Гэрлэн хот Хонг Конгоор аялах нь сэтгэл хөдөлгөм байлаа. Дараагийн аялал давтагдашгүй сайхан зүйлүүдээр дүүрэн байна гэдэгт итгэлтэй байна. 

(Barilga.mn 2011 )