Monday, December 17, 2018

Өөрөөрөө байх


Та хэзээ өөрөөрөө байж чаддаг вэ? Ихэнхи нь жорлондоо сууж байхдаа гэж хариулдаг. Тэгвэл та хэний дэргэд өөрөөрөө байдаг вэ? Та өөрийнхөө бодлоор амьдарч чадаж байна уу? Эсвэл бусдын тархи оюунаар амьдраад байна уу? Та ямар нэгэн баг зүүчихсэн яваа юм биш биз. 
Бид бүгд эхээс мэндэлсэн цагаас өөрөөрөө байх дадал зуршлаа алддаг. Хэн нэгний хүсэл сонирхолд нийцүүлэх гэж, хэн нэгэнд таалагдах гэж, хэн нэгнээс үнэлгээ авах гэсээр амьдралаа дуусгадаг. Хэрвээ тэгэж чадахгүй бол хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй байгаа мэт санагдаж, гутарч эхэлдэг. Үүнээс цаашлаад сэтгэх чадвараа алддаг. Өрөөл бусдын нөлөөнд автаж, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцэж байхын тулд өөрийн толгойгоор сэтгэж чадахаа больж эхэлдэг. Учир нь бусдаас өөр болж харагдахаас, хүлээн зөвшөөрөгдөхгүй байх вий гэхээс айж эхэлдэг. 
Хүлээн зөвшөөрөгдөх гэж юу юм бэ? Та зөвхөн өөрийнхөөрөө байж чадсан үед л энэ хариу илэрдэг юм. Сургуульд байхад бүгд л багшийн таалалд нийцсэн зүйлийг бичиж, багшийн зөв гэж бодсон зүйлийг хэлэх гэж хичээдэг. Тэгэж чадсан хүүхэд зөв зүйтэй, онц сурагч мэт хүлээн зөвшөөрөгдөж эхэлдэг. Ийнхүү дөрвөлжин нүхэнд гурвалжин толгойтой хүүхдийг багтаах гэж чихнэ. Ингэснээр ирээдүйд ижилхэн дөрвөлжин дүрст хүмүүсийг бэлддэг. Хүмүүс бид хүүхэд төрүүлсэн цагаас зөвхөн өөрийнхөө таашаалд нийцүүлэн өсгөдөг. Хэрвээ хүүхэд тань танаас өөрөөр сэтгэвэл гаж, буруу мэт санагдаж, миний хүүхэд ийм байх ёсгүй гэж шүүмжилж эхэлдэг. Хүүхдээсээ томоотой байхыг шаардаж, хүүхдээ онц сурахыг шаардаж, хүүхдээ өөр шигээ хүн болохыг тулгаж эхэлдэг. 
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээнд байдаг хүмүүс бусадтай ижилсэх, бусдын адил байх гэж хүсдэг болж. Хэн ямар хувцас өмсөж, хэн хаана юу идэж ууж байгааг дуурайх, тэр ч байтугай хэн юу хийж, бичиж байгааг даган дуурайх хандлага илт болжээ. Хүний дор орохгүй гэсэн бодлоосоо болоод бид бүгдээрээ сошиалд их хичээж амьдрах болсон. Тэнд өөрийнхөөрөө байгаа хүн цөөн бий. Хэрвээ өөрийнхөөрөө байвал тэр нь нийтэд таалагдахгүй байх жишээний... 
Түүнчлэн монголд оюуны өмч гэх ойлголт бараг байхгүй гэж хэлж болно. Нэг кино гаргасан ч маргааш нь нүүр номын нэг группт үнэгүй үзэх, татаж авах гэх мэт гарчигтай явж байдаг. Нэг өгүүлбэр бичсэн ч дараа өдөр нь өөр хэн нэгэн хуулж бичээд өөрийнхөө зургийг тавьсан байдаг. Сүүлдээ тэр нь хэний бичсэн үг болох нь мэдэгдэхээ байж, ардын дуу гэдэг шиг нийтийн аман яриа болоод дуусдаг. Хэн ч өөрийнхөөрөө байх боломжгүй сошиал ертөнцийн оюуны хулгай ийн даамжирдаг. Хэрвээ нэг зүйл бичвэл дор нь нэрээ алтан үсгээр бичихгүй л бол удахгүй хэний ч нэр бичигдсэн явж байхыг үгүйсгэхгүй. Бусдын толгойгоороо бодож олсон зүйлийг жишим ч үгүй булаан авах нь хэвийн л үзэгдэл. Хэн ч үүнийг буруушаахгүй бас гайхаж хүлээж авахгүй нь харамсалтай. Эмгэнэл...
Өөрийнхөөрөө байж, өөрийн тархи оюунаар сэтгэж, өөрийн бодлоор амьдарч, өөрийнхөө зүрх сэтгэлээс гарсан үгээ л хэлж сурцгаая. Өөрийнхөөрөө байх гэдэг нь амандаа орсон муу муухай бүхнээ цацаж, хуулиас гадуур гаж, солиотой үйлдэл хийхийг хэлэхгүй ээ. Өөрийнхөөрөө байх гэдэг өөрийн дотор сэтгэлээс урган гардаг үгийг хэлж, өөрийн үзэл бодлоор, өөрийн толгойгоор сэтгэж амьдрахыг хэлнэ. Өөрийнхөө байна гэдэг өөрийгөө таньж олохыг хэлнэ. Зүрх сэтгэлээс гараагүй үг амьгүй байдаг. Чи яг юу хүсэж байна вэ? Чи яг хэн байхыг хүсэж байна вэ? Чиний дотор ямар хүн оршиж байна вэ? гэдгээ мэдсэн цагт өөрийнхөө байх тийм ч хэцүү биш гэдгийг ойлгох болно. Өөртөө хайртай байж, өөрийнхөөрөө байхад танд хэн ч саад болоогүй. Та өөрийгөө л сонс. Тэгээд л болох нь тэр. 

Л. Баясалмаа миний өөрийн бичсэн бичвэр болно