Monday, June 9, 2014

Шанхай- Дэлхийн санхүүгийн төв

Шанхай-Дэлхийн санхүүгийн төв
Дэлхийн өндөр барилгуудын нэг болох Шанхайн санхүүгийн төв барилгаас аялалын дугаараа эхлэхээр шийдлээ. Энэ хот 19 сая гаран хүн амтай.  Үүнийгээ дагаад Хятадын худалдааны төв хот болж чадсан. Хөгжил дэвшилтэй, хүн ам ихтэй хотод өндөр шилэн барилгууд хотын чимэг, улсын хөгжлийг харуулж байдаг. Эдгээрийн нэг бол бидний танилцуулах Шанхайн санхүүгийн төв барилга юм. Гайхамшигтай өндөр тэнгэр баганадсан энэ барилга Шанхай хотын Пудонд байрлана. Энэ байшинд олон төрлийн үйлчилгээ явагддаг бөгөөд Албан байгууллага, зочид буудал, уулзалтын танхимаас гадна хотыг бүхэлд нь харж болох өндөр дээвэртэй, доод давхруудад үйлчилгээний газар, дэлгүүр болон ресторан байрлах энэ барилга гадаадын жуулчид гэлтгүй дотоодын иргэдийн  байнга очих дуртай газруудын нэг юм.
Барилгыг  Хятад болон Хонг Конгын банк мөн Япон улсын санхүүжилтээр барьсан байна. Барилгын загварыг анх гаргахдаа дугуй нүхэн хэлбэртэй хийсэн боловч Хятадууд үүнийг Японы төрийн далбаа дээрхи мандаж буй нар шиг харагдаж байна гэж бага зэрэг эсэргүүцэлтэй тулгарсанаар анхны загварыг өөрчилж одоогийнх шиг тэгш өнцөг хэлбэр бүхий нүхэн оройтой барьжээ. Тарапец хэлбэртэй энэ нүхэн загвар нь ган болон хатуу бетоноор хийгдсэн нь хүчтэй салхи, шуурганд барилгыг ганхашгүй бат суурьтай байлгахад нөлөө үзүүлэх юм.
2007 онд уг барилга нь 492 метр өндөртэйгээр дэлхийн хамгийн өндөр барилгын хоёрдугаарт орж байсан. Харин одоог хүртэл Хятад улсын хамгийн өндөр барилга  гэж тооцогдсоор байгаа бөгөөд Хонг Конгт ч ийм өндөр барилга баригдаагүй гэнэ. Дэлхийн өндөр байгууламжууд гэх жагсаалтанд хамгийн өндөр давхартай, хамгийн өндөрт байрлах дээвэртэй гэгддэг Шанхайн санхүүгийн төв нь 2008 оны 8 сарын 28-нд  албан ёсоор нээлтээ хийж хотыг тольдох дээврийн хэсэг нь 3 хэсэгтэйгээр үүд хаалгаа нээжээ.




2007 оны 8 сард барилгад гал гарч 40 дэх давхрыг бүхэлд нь хамарсанаас цагийн дараа гадагшаа олгойдох утаа тод харагдаж эхэлсэн байна. Галыг  унтраах арга хэмжээ тэр дор нь авсан бөгөөд ямар ч хүн эрсдэж гэмтээгүй байна . Гэвч гал гарсан шалтгаан нь одоог хүртэл тодорхойгүй байгаа. Хотыг харахыг хүссэн жуулчин 94 давхар буюу 423 метрийн өндөрт гарч болно. Түүнээс гадна хоёр дахь хэсэг болох 97 дахь давхар буюу 439 метрийн өндөрт гарч болох юм. Харин та хамгийн өндөр дээрээс хотыг харахыг хүсвэл 100 дахь давхар болох 474 метрт гарч Шанхай хотын хөгжил, сайхан бүхнийг харж болно. 94 давхарт гарахын тулд 100 юань төлнө. Бүх давхарт гарч үзэхийг хүсвэл 150 юань төлөөд үзэх боломжтой. Давхруудад түргэн хүргэх 31 цахилгаан шаттайгаас гадна 33 урсдаг шаттай. Шанхайд очвол хамгийн түрүүнд үзэх газруудын нэг бол яахын аргагүй энэ сүрлэг өндөр байшин юм. Хотын хаанаас ч та такси барьсан Пудонг Файненшил центр гэж хэлээд очиж үзээрэй. Аялал тань адал явдлаар дүүрэн байг.

 (Barilga.mn 2009)

Thursday, June 5, 2014

Сайгоны дуурийн ордон

Уран барилгын гайхамшиг шилдэг архитекторийн гайхалтай бүтээлүүдтэй танилцах энэ удаагийн аялал маань Вьетнам улсын Хо Чи Мин хотоос үргэлжилж байна. Дэлхийн сонгодог гэсэн барилгуудын олонхи нь театрын барилгууд байдаг гэвэл хилсдэхгүй биз. Эдгээрийн нэг бол Хо Чи Мин хот буюу хуучнаар Сайгонд байрлах дуурийн театр. Энэ барилгын түүхийг ярихын тулд тэртээ 1897 онруу эргэн очиж түүхийн хуудасыг сөхөх хэрэгтэй боллоо. 1897 онд Францын архиекторч Феррет Эйгоны загвараар баригдсан энэ барилга анх 800 хүний суудалтай хийгдсэн бөгөөд уг барилгыг Луврын ордон болгон ашиглаж байжээ.  1975 он хүртэл зориулалтын дагуу театрын барилга болон ашиглаагүй юм байна. Харин үүнээс хойш уг театрыг ашиглалтанд оруулж Сайгоны алдарт дуурийн театр гэх нэрээрээ олонд танигдах болжээ. Барилгын хувьд гадна талаас нь харахад дуурийн  барилгын  үзэмжийг илэрхийлсэн тэнгэрийн элч, чавхдаст ятгын барималаар чимэглэсэн харагдана.     



Сайгоны дуурийн театр нь 1901-1911 оны хооронд баригдсан Ханой хотын дуурийн ордоны жижиг хувилбар гэнэ. Энэ нь Парисийн дуурийн ордонтой адил загвараар баригджээ. Архитектийн хувьд загварлаг болоод онцгой чамин хийцтэй бүтээжээ


Дуурийн ордны дотор хоёр давхараас ба хоёр үе бүхий суудлуудтай 1800-гаад хүний багтаамжтай. Театрын бичээс, хээ чимэглэл, дотоод заслыг Францын зураач зуржээ. Хээ чимэглэлийн хувьд зарим шүүмжлэлтэй зүйлүүд байсан бөгөөд Готик стиль чиг хандлагатй хийгдсэн нь хэтрүүлэгтэй гэж үзсэн байна. Харин 1943 онд эдгээр хээ чимэглэл, дотоод заслын заримыг нь нүүлгэн, өөрчилжээ. Дэлхийн I-II дайны үед театрын санхүүжилтийг Францын талаас Сайгон хотын хөгжилд зориулж гаргадаг мөнгөнөөс гаргажээ. Тухайн үед үзэгчид нь ихэнхдээ дунд давхаргын хүмүүс байсан бөгөөд хааяа нэг тоглолт болдог концерт тоглолтуудыг эс тооцвол бараг ашигладаггүй байсан гэж хэлж болно. Этгээд загвартай театрын барилгад тоглолт тавигдах нь ховор байсанаас хотын удирдлагын зүгээс театрыг концертын танхим болгох гэж хичээсэн ч энэ нь үр дүнгээ өгсөнгүй. Харин 1943 онд барилгыг өөрчлөсөний дараагаар өөр өнгө төрхтэйгээр үйл ажиллагаа явуулах болжээ. Дэлхийн II-р дайны үед Японы эсрэг Аллейнсуудын довтолгооны үеэр театрын барилгыг эвдэж сүйдэлжээ. 1954 онд барилгыг Хойд Вьетнамаас ирсэн Франц цагаачдын орогнох газар болгон ашигласан байна. Ийнхүү олон жилийн туршид жинхэнэ төрхөө олохгүй байсан дуурийн театр 1955 онд дахин засварлагдаж бүрэн утгаараа театр хэмээгдэх болжээ. Харин үүнээс хойш 1975 онд бүрэн засварт орж Сайгоны дуурийн театр эргэн сэргэж, гайхамшигт аялгуу эгшиглэсэн урлагын их өргөө болжээ.  Сайгон хотын 300 жилийн ойн баярын үеэр хотын захиргаа театрын барилгыг шинэчлэх шийдвэр гаргаж зарим нэг дотоод заслыг шинэчлэн засварлажээ










Одоо театр Сайгон хотын төв гудамжинд сүндэрлэж, ирсэн жуулчид гийчдийн анхаарлыг өөрийн өвөрмөц хийц загвар, эрхэмсэг үзэмжээрээ аргагүй татсаар байгаа юм. Энэ театрт алдарт дууриуд эгшиглэж, гайхамшигт тоглолтууд тоглож, жуулчид хуран цуглаж театр гэх гоёмсог нэрэндээ тохирсон мэт сүндэрлэж байлаа. Вьетнам орны олон сайхан барилгаас онцолж үүнийг бичихдээ ч сэтгэл хөдөлж биширч байсаныг хэлэхэд таатай байна. Ирэх аялалаар уншигч тантай эргэн уулзахдаа таатай байх болно.

( Barilga.mn 2011)