Tuesday, June 3, 2014

Азийн сувд


Азийн сувд
Азийн улс орнууд өнө эртний түүх, соёлтой , өв уламжлалтй , бахархалтай үндэстэн. Барилга, байгууламжаараа ч бид бас сүрлэг, гайхуулмаар зүйлийг хүмүүст харуулж чаддаг. Үүний олон жишээ байдагын нэг нь Хятадын цагаан хэрэм юм.  Азийн улс  орнуудаар явж байхад шинэ содон шийдэлтэй, уран чамин загвартай олон барилга харж явлаа.
Энэ удаа Сингапурт  ирсэнээр бас нэгэн гайхалтай барилгын жишээг  үзсэн нь  Шинжлэх ухаан,  урлагын (Art Science Museum) музейн барилга. Дөнгөж үүд хаалгаа нээгээд удаагүй байгаа уг барилга  нь орчин үеийн шинэлэг дизайнтай, өвөрмөц хэв загвартай болох нь холоос харагдана. Үүнийг Азийн сувд гэж нэрлэвэл зохимжтой. Уг музей нь Марина Бэй Сандс (Marina Bay Sands) цогцолборын нэг хэсэг бөгөөд цогцолбор дотор казино болон амралт зугаалга, үйлчилгээний төв байрладаг учраас олны хөл огт тасрахгүй.

Марина Бай Сандс цогцолбор  ( Marina Bay Sands)
Марина Бай Сандс цогцолборын талаар бичихгүйгээр Сингапурын ArtScience (Арт Сайенс  ) музейн талаар бичиж боломгүй.   Марина Бай Сандс цогцолбор нь Казинод түшиглэсэн амралт, зугаалгын төв бөгөөд түүнийг байгуулах шийдвэр 2004 онд гарч 5,5 тэрбум долларын өртөгтэй том төслийн гүцэтгэгчээр Невадад төвтэй Las Vegas Sands корпораци ажиллажээ.
2005 онд баригдаж эхэлсэн уг цогцолбор нь таван жилийн дотор буюу 2010 оны 4 сард нээлтээ хийж, 2560 өрөөтэй зочид буудал, худалдаа, үйлчилгээ бүхий Sands Expo, Convention Center үзэсгэлэнгийн танхим, Sands Sky park , 150м урт байссейн бүхий 60 давхар барилга зэргийг багтаасан томоохон байгууламж болж чаджээ. Албан ёсоор нээлтээ  хийсэнээс хойш уг цогцолборт театр болон кристал павильон мөн Art Science музейг нэмэж барьсан байна. Marina Bay Sands  нь орчин үеийн уран барилга, архитектурын нэгэн гайхамшигт бүтээл болж аль хэдийн жуулчдын заавал үзэх зүйлсийн нэг болжээ.

Шинжлэх ухаан, урлагын музей (Art Science Museum)
Marina Sands bay цогцолборын нэгэн гайхамшигт үзүүлбэр бол Art Science музей бөгөөд уг барилга 2011 оны 2 сарын 17 нд нээлтээ хийжээ.  Art Science музей нь зөвхөн Сингапур юу бүтээж чаддагаа харуулаад зогсохгүй хүн төрөлхтөний бүтээн бий болгож буй шинэлэг бүхнийг  юунаас илүү чухалчилдаг болохыг харуулжээ.
 Архитектурын шийдлийн хувьд тун сонирхолтой.  Арван хуруугаа дэлгэсэн хоёр гарын алгыг дүрсэлсэн бөгөөд энэ нь Снгапурт тавтай морил гэдэг билэгдэл юм. Зарим эх сурвалжид дэлгэрч буй бадамлянхуа цэцгийг дүрсэлсэн гэж бичсэн байх нь ч бий. Хамгийн өндөр хуруу газраас 60 метр өндөрт байрладаг байна. Үдэш болоход хуруун үзүүрээс тод гэрлүүдийг асаах нь барилгын хэлбэрийг улам ч тодруулж өгдөг .  Хуруу бүрт урлаг, шинжлэх ухаан, технологи, дизайн, архитектур зэрэг өөр өөр үзмэрийн хэсгүүдээс бүрдсэн нийт 21 галерей 6000м.кв талбайг эзлэн байрлана.
Эдгээр хуруу хэлбэрийн тасалгаануудын налуу тааз нь дотроосоо илүү тодорч харагдана. Мөн гадагш харсан хоёр шилэн цонх нь Сингапурын болон Марина Бай Сандсын гайхалтай дүр зургыг тод харуулна. Дээврийн хотгорыг ашиглан борооны ус хуримтлуулахаар тооцоолсон байх бөгөөд борооны ус дээврийн гол төв хэсэгт байрлах нүхээр доош 35 метрийн өндөртэй хүрхрээ болон унаж хуримтлагдан барилгын ариун цэврийн өрөөнүүдэд ашиглагддаг байна, тун ч ухаалаг шийдэл байгаа биз.

GFRP буюу хатуужуулсан шилэн материал нь зөвхөн өндөр хурдтай дарвуулт онгоцонд ашиглагддаг бөгөөд урьд нь Сингапурт ийм материал өргөн хэрэглэж байгаагүй бөгөөд энэ барилгад анх удаа ашигласан байна.   
Үзвэрийн хэсгийн зарим нь байнгын ажилладаг бол зарим хэсэгт өөр сэдэвтэй үзэсгэлэнгүүд богино хугацаагаар гарна. Тухайлбал урлаг болон шинжлэх ухааны хөгжлийг харуулсан хэсэгт орших Леонардо Да Винчийн нисдэг машин, Kongmeng Lantern буюу цаасан дэнлүү, өндөр технологийн робот загас зэрэг үзмэрүүд нь байнгын ажиллагаатай. Мөн Арт Сайенс Уран сэтгэмжийн аялал нэртэй хэсэг нь байнгын ажиллагаатай бөгөөд энэ нь Арт Сайенсийн үүслийг танилцуулах хэсэг юм.  Гэхдээ музей зарим саруудын зарим өдрүүдэд дотоод ажлаар дөрөв дэх давхар буюу шинжлэх ухааны галлерейг хаадаг бөгөөд энэ өдрүүдэд та бүсад галлерейд зочилж сонирхох боломжтой.


 
Биднийг очиход Сальвадор Далигийн уран бүтээлийн үзэсгэлэн гарсан байсан бөгөөд музейн ажилтан биднийг Монголоос ирсэн гэхийг сонсоод сар гаруйн өмнө энд Торгоны зам, Чингис хааны гайхамшигт үзэсгэлэн гарсан тухай ярьж үзэсгэлэнгийн зургуудаас үзүүлж сонирхууллаа. Мөн бидний зочлох үеэр алдарт зураач Ван Гогын бүтээлүүд болон Тан улсын гайхамшигт дурсгалууд нэртэй үзэсгэлэнг олонд  дэлгэн танилцуулж байлаа.  Эндээс л урлаг, шинжлэх ухаан хоёрыг юу нэгтгээд байгааг олж харах ёстой болов уу.

Урлаг , ШИнжлэх ухаан хоёрын хооронд орших тэрхүү гайхамшигт хэлхээ холбоог ойлгоход үзэгчдэд тус болох зорилготой гурван галлерей байх нь Curiosity(Сониучирхал),   Inspiration(Тэмүүлэл) , Expression(Илэрхийлэл ) зэрэг юм. Арт Сайенс музей нь дэлхийн бусад томоохон музейн үзмэрүүдээс хэсэгчлэн авчирч  үзэгчдэд толилуулдаг заншилтай бөгөөд ийнхүү зөөж авчирсан үзмэрүүд уг музейн суурь үзмэрүүдтэй нэгдэн дахин давтагдашгүй хослол болон үзэгчдэд хүрэх ажээ. 
(Barilga.mn 2011) 



No comments:

Post a Comment