Tuesday, February 19, 2013

Арслан толгод дахь хот



Хятад улсын түүх соёлын алдартай хотуудын нэгээр энэ удаад айлчлаад ирлээ. Шиузоу буюу Жангсү мужид орших Кин, Хан гүрний үеийн түүх соёл, дурсгалын тод илрэл болсон энэ хотод хан гүрний үетэй холбогдолтой зүйлийг үзэж сонирхох бөгөөд ялангуяа хан гүрний зураг бүхий хад чулууд сонирхолтой харагдана. Өрнөдийн хан гүрний үеийн дайчид, морьдын чулуун барималууд, мөнгөн гишгүүр бүхий хаш өмсгөлтэй зүймэлүүд газар доорхи балгасан хотод байдаг. Жуулчдын гол төлөв очиж үздэг газрууд бол Янлонг уул болоод музейнууд, Янлонг нуур, Доншан уулан дахь Хан гүрний үеийн булш хиргисүүр юм. 

Дайчдын хүн чулуун хөшөө болон Өрнөдийн Хан гүрний морьдын шавар баримал
1984 онд Шузоу хотын Шизи уулны ойролцоо долоон нүхнээс дайчид, морьдын шавар баримлыг олж илрүүлжээ. Уг баримлууд Хан гүрний үед хамаарагдах бөгөөд Арслан толгодын дотор газар доор булсан байсаныг архелиогчид гаргаж иржээ. Архелиогчид үүнийг Чу-гийн хаан эзэнийг оршуулах үед хамтад нь хийж бунхалсан гэж үзжээ. Нутгийн захиргаа археологийн бусад олдворыг олохын тулд олон сая юань зарцуулж археологчдийг дайчлан олон мянган олдвор гаргаж авсан бөгөөд малтлага хийсэн газраа музей байгуулжээ. 

Арслан толгод 
Бидний очсон толгодыг Өрнөдийн Хан гүрний эхэн үед амьдарч байсан Чу-гийн эзэнт гүрний гурав дахь ханхүү болох Лю Вю-д зориулж малтаж үүндээ  хотхон байгуулжээ. Дайчдын болох морьдын шавар барималууд толгодоос баруун тийш 300 метрийн зайтай олдсон бөгөөд энэ нь толгодыг хамгаалах цэрэг армийг дүрслэн харуулжээ. Дайчид морьдын шавар баримлыг олсоны дараагаар археологчид 1994 оны 12 сараас 1995 оны хооронд Чу хааны бунханг олох  малтлага, хайгуулын ажил явуулсаны үр дүнд олсон бунхан нь нийтдээ 117 метр урт , 851 м2 талбайг эзэлсэн байжээ. Энэ бунхан 4 хэсэгтэй ба үүд гаднах гарц, дотор үүд, цэцэрлэгт хүрээлэн, тасалгаанууд багтжээ. Бунханы эзлэх хэмжээ гайхмаар том бөгөөд ховорхон тохиолдох асар уудам цэлгэр бунхан гэж хэлж болохоор. Доторхи эд зүйлс нь ч бунхандаа тохирч , зохицуулан хийсэн байх нь гайхалтай. 


Тасалгаанууд бүгд өөрийн үүрэгтэй байх бөгөөд гал тогооноос авхуулаад бие засах , амрах өрөө түүнчлэн Хаан болоод хатдын зугааг гаргаж, алжаалыг нь тайлах дуу хөгжим тоглох дуучид, бүжигчдийн танхим хүртэл байх нь одоогийнхоор дээд зэргийн баячуудын эдлэн газар гэлтэй. Гал тогооны өрөөнд олон шавар хоол хүнсний хэрэгслүүд байрлуулжээ. Хаад хатдын өрөөнд ширээ, сандал гээд тавилга сэлт бүрэн. Энэ дотор нэг сонирхолтой зүйл нь толгодын дээрээс урсах булгын усыг дотогш нэвтрүүлж ханыг дагуулан урсах үед тэндээсээ тосож аван цэвэр усны асуудлаа шийдсэн байлаа. Өрөө бүрт булгын усыг тосож нэгэн нүхэнд хуримтлуулдаг байжээ. Хамгийн том тасалгаанд гэхэд л 2000 гаруй шавар эд зүйлс, хэрэглэлүүд өржээ. Эдгээр эдлэлүүд зөвхөн шавраар бус алт, мөнгө, хүрэл, төмөр, чулуу болон хаш эрдэнээр хийжээ. 200 гаран үнэлж барашгүй хаш эрдэнийн эд өлгийн зүйлүүд яахын аргагүй үндэсний  үнэт эрдэнэс болох юм. Том хатны эдлэл болох үнэт эрдэнийн чулуун чимэг зүүлтээс гадна түүний сууж явах жууз тэрэг гээд бүгдийг байршуулсан нь биширмээр гэхээс өөр хэлэх үггүй алмайруулж байлаа. Хамгийн гайхалтай нь эрдэмтэд, хайгуулчид 2100 жилийн өмнө амьдарч байсан Чу хааны дүрс бүхий баримал мөн түүний араг ясыг олсон нь үнэхээр хачирхалтай үнэт олдвор юм. Үүнээс харахад бидний өнөөгийн эдэлж хэрэглэж буй тавилга сэлт, тав тух хангах эд хэрэглэлийг тэртээ 2100 жилийн өмнө хэрэглэж байсанаар барахгүй тансаг хэрэглээтэй ч байсан гэхэд болно. 
Энэ гайхамшигтай толгодоос гараад хажуугийн музейд Хаад хатдын эдлэл , хувцас гутлыг үзмэр болгон тавьжээ. Мөн тэнд Уйгаржин бичгээр бичсэн нэгэн эртний тэмдэглэлүүд байсан нь миний сонирхолыг ихэд татаж энэ нь бидний өвөг дээдэстэй бичиг хэргээр харилцаж байжээ гэдгийг тод харуулжээ. Уулын хажууд цэцэрлэгт хүрээлэн байх бөгөөд энд Чу хаан хатадтайгаа зугаалан, амардаг байсан гэнэ. 
Шувууд жиргэж, навч цэцэгсийн анхилам үнэр үнэртэн, горхины ус хоржигнох энэ хүрээлэн яг л диваажин мэт үзэсгэлэнтэй. Арслан гэж нэрлэсэн толгод доторхи хотод зочлоод буцахдаа энэхүү аян замын тэмдэглэлийг бичиж, уншигч олондоо хүргэхийг хүслээ. 

( Barilga.mn monthly magazine 2011 )

Далайн эрэг дээрхи тансаг “Сала”


Сүүлийн үед хүмүүс амралт, зугаалгыг аль болох байгалын сайханд, цэвэр агаар, цэнгэг усны хөвөөн дээр өнгөрөөхийг эрмэлзэх болжээ. Тэр ч хэрээр аялах нөхцөл бололцоо  өргөн болж байна. Бид энэ удаагийн аялалаараа Тайланд улсын Ко Самуй арал дээрх таван одтой  далайн эргийн тансаг амралтын газар тухлан саатлаа. Ко Самуй бол Тайланд улсдаа гуравт орох том арал бөгөөд 50 мянга гаруй иргэнтэй энэ жижиг арлыг жилд 1,5 сая гаруй жуулчид зорьж очдог гэхээр та ямар сайхан газар болохыг гадарлаж байгаа биз ээ. Онгоцны буудал дээр буухад л та  байгалийн сайханд газардана. Энэ арал дээр жинхэнэ элсэрхэг далайн эргийн амралт гэгч ямар байдагыг биеэрээ мэдрэхээс гадна наргил модны сүүдэрт сууж шүрэн хадыг харж, далайн намуухан давалгааг чагнан алжаалаа тайлах юм.  

Бидний буудалласан газар бол арал дээр байрлах тансаг зэрэглэлд тооцогдох Сала амралт. Мэдээж энд таны тав тухыг хангах бүхий л зүйлс байна. Амралтын газрын нэн тэргүүнд үзүүлэх үйлчилгээ бол тав тух юм. Ирсэн зочдын буудаллах байшин болгон гаднаасаа манай зуслангын авсаархан байшин шиг харагдана. Байрандаа орж очиход хамгийн түрүүнд халуун агаарт дураар сэрүүцэхийг хүсэх хэн бүрт зориулсан усан сан бүхий гадаалах талбайтай. Хэрвээ хүсвэл та хувийн харшдаа өөрийн усан санд дураараа цагаа өнгөрөөх боломжтой. Харин хувийн усан сангүй өрөөнд буудаллая гэвэл гадаа далайн эргийн  дэргэд нийтийн усан сан  болоод наран шарлагын газартай.
Байшингийн тавилга сэлтийг хүрэн зандан модоор хийсэн байх бөгөөд дал мод хашаан дотор нь хэд хэдээр байрлуулсан нь халуун орны уур амьсгалыг эрхгүй мэдрүүлнэ. Усан сандаа сэлээд гарахдаа наранд биеэ ээн хэвтэх зөөлөвчтэй модон сандалууд сүүдэрт тухлан суух зөөлөн дэвсгэр, дэр тавсан саравчит сэрүүвчтэй байлаа. Байшинг модоор хийсэн бөгөөд тайландад борооны улиралтай учраас дээврийг Тайландын уламжлалт барилгын хэв загвар болоод борооны ус тогтхооргүй налуу босгож хийжээ.


Гэр буудалдаа ороход сэрүүн агаараар үлээлгэсэн агааржуулагч бие эрвэгнүүлж огт өөр орчинд ороод ирсэн мэт. Гадаа 35 хэмийн халуун байхад дотор байшинд 22 хэмээр сэрүүн үлээлгэжээ. Явж ороод нэн түрүүнд нүдэнд туссан зүйл бол угаалгын өрөө байсаныг хэлэх хэрэгтэй. Учир нь та гэртээ байдаг шиг өрөөнд орж угаал үйлдэхгүй харин байгалийн сайханд бие засаж, угаалгаа хийнэ. Мэдээж өөрийнхөө хашаан дотроо паалантай жорлонтой мөн ванн, шүршүүрт л орно гэсэн үг. Энд таван одтой буудалд байх ёстой бүх зүйл таны угаалгын өрөөнд бэлэн. Алчуур, оо сойз, саван зэргийг чулуун хийцтэй угаалтуурын хажууд байрлуулж, үсний сэнс, бусад хэрэгслийг угаагуурын хажууд байрлах модон шүүгээнд хийжээ. Хөөстэй ваннанд сууж байхдаа та далайн чимээг чагнан халуун агаарыг мэдэрч хэвтэх сонин байх биз ээ. Үдэш оройдоо шумуулаас хамгаалах хүж асааж, хүсвэл борооны хаалтаа буулгасан ч болно. Угаалгын өрөөний тавиур, шалыг чулуугаар хийсэн бөгөөд халтирч унахаас сэргийлж шүршүүрийн шалыг боржин чулуугаар тусгайлан засжээ. Угаал үйлдэх өрөө тань ил задгай болохоор та оройдоо унтлагын өрөөний хаалгаа сайтар хааж ялаа шумуулаас сэргийлэх боломжтой. Унтлагын өрөөний үндсэн өнгө цагаан бөгөөд тавилгууд хүрэн бор өнгөтэй. Халуун газар үүнээс өөр ямар өнгө зохицох билээ. Унтлагын өрөө тохилог, налуу босоо таазтай нь орд харш шиг л сэтгэгдэл төрүүлэхээс гадна дарвуулт онгоцонд амарч байгаа мэт санагдаж байлаа. 


Одоо харин амралтын газрын гадаах орчинтой танилцая. Энд бяцхан хороолол шиг зохион байгууллаттай. Гудамжаар явах чулуун замуудын хажууд хаалганы тоотыг самбар дээр байрлуулж чигийг заажээ. Гаднаа хоёр том нийтийн усан сантай, тансаг зоог барих ресторантай. Далайн эрэг дээрхи зөөлөвчтэй сандал дээр наранд биеэ ээж, далайд сэлж, эргээр зугаалж амарч аваад өглөө өдөр, оройн зоогоо ресторандаа идэх юм. 




Амрагчид Европ, Ази болон Тайланд үндэсний хоолоос хүссэнээ захиалж идэхдээ сэрүүн усан санд хөлөө дүрэн суух боломжийг ч бүрдүүлж өгчээ. Өөрөөр хэлбэл усан сан дээр ширээ засуулж хоолоо идэж болно гэсэн үг. Үүнээс гадна амралтын газарт байдаг гол зүйл бол массаж, эмчилгээний өрөө юм. Модон байшингаар хийсэн сэрүүхэн өрөөнд таны биеийн алжаалыг тайлах бүх төрлийн үйлчилгээ үзүүлнэ. 














Ийнхүү 3 хоногыг далайн эргийн тансаг амралтанд туршлагатай, найрсаг үйлчилгээтэй хүмүүсээр үйлчлүүлж өнгрөөсөн нь амьдралдаа мэдрэх ёстой бас нэгэн сайхан зүйлсийн нэг болов уу гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Уншигч та ч бас боломж гарвал тэнд нэг амраад авбал ахин дахин амармаар санагдаад байх л болов уу. Дараагийн аялал дахин нэг өвөрмөц сонин зүйлээр дүүрэн байх биз ээ. 

(Barilga.mn magazine  2011 он )

Monday, February 18, 2013

Бүтэн заяатай бүсгүй байхын хүслэн

 

Дэлхий дээр хүмүүс бид арьс өнгө, яс үндэс, хэл соёлоороо ялгаран олуулаа амьдардаг. Амьралын хэв маягаас авхуулаад үзэл бодол өөр  байх ба  царай зүс, бие бялдараараа ялгаатай ч энэ орчлонд хүмүүс эр эм байхаар заяагдсан гэж ихэнхи хүн хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ би эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тухай биш эмэгтэй байхыг хүсдэг цөөнхийн тухай онцолж бичихээр зорилоо. Тэднийг Катой гэж нэрлэдэг ба эдгээр хүмүүс нь зүүн өмнөд азийн орнуудад голцуу амьдардаг. Тайланд улс бол Катой буюу Лэдибой , эрэгтэй биетэй эмэгтэйлэг  хүмүүсийн төлөөлөл орон гэж хэлж болно. Тэнд та Катой хүмүүстэй гудамж талбай, зочид буудал, дэлгүүр хоршоо метро гээд хаа л бол хаа тааралдана. Лэдибойг гаднаас нь харахад  ганган дэгжин хувцасласан байх бөгөөд заримдаа тэднийг эр үү эм үү гэж ялгахад хүртэл бэрх байдаг. Тэд хэдийгээр эрэгтэй биетэй боловч эмэгтэйчүүдээс дутуугүй үс зүс, гар хуруу хувцас, гоёл чимэглэлдээ анхаарал тавьдаг. 
Тайландад байх хугацаандаа Катой хүмүүстэй уулзаж тэдний хүсэл сонирхол, мөрөөдөл тэмүүлэл, амьдралын талаар мэдэхийг зорьлоо. Тэд бусдаас юугаараа ялгаатай тэдний дотор ямархан гуниг баяр оршин байдгыг мэдэхийг хүсэж, дотно танилцах гэсэндээ цэнгээний газруудаар хэдэн орой хэсүүчилсэн юм. Тайланд бол нэг талаар Буддын шашин түгэн дэлгэрсэн бурханы ариун орон гэгддэг. Харин нөгөө талаар шоу цэнгээн, ижил хүйстэн, лэдибойсийн төвлөрсөн газар. Энд гадаадын жуулчид ирж зугаацаж наргиж цэнгэдэг секс жуулчлал дээд зэргээр хөгжсөн улс билээ.
 Хэрвээ та Бангкокт очоод агаарын метронд суугаад Нана буудал дээр буувал гудамжаар биеэ үнэлэгчид эгнэн зогссон байхыг харахаас гадна тэдний талаас илүү хувь нь Лэдибойс байх бөгөөд Нана бол бар цэнгээний газар ихээр байрладаг хэсэг юм. Бангкокт үдэш боллоо Тайландын шөнийн амьдралын хамгийн сонирхолтой хэсэг ийнхүү эхэллээ. Бар цэнгээний газруудын ажил ид үргэжлжилж байх энэ үед Лэдибойс хамгийн олноор цуглардаг газар бол мэдээж цэнгээний газрууд байдаг. Учир нь орлого сайтай бас өөрийгөө эмэгтэйлэг талаас нь харуулах ганц газар бол энэ юм. Тэд дэгжин чамин хувцаслаж нүүр амаа будаж ажилдаа ордог. Нарийхан гудамжаар орж явсаар эхний тааралдсан баарын үүдийг татан ороход гайхалтай авъяастай, уянгалаг хоолойтой “бүсгүйчүүд” тайзан дээр дуулж байхыг хараад биширмээр, гэхдээ ойртоод харвал тэдний хоолойн төвөнх болоод сахал ургасан мэт хөх эрүү гээд эр хүний шинж төрх нь тод ажиглагдана. Би хэд хэдэн Катой хүмүүстэй уулзаж ярилцлаа. Тэдний дундаас нэгэн залуухан Лэдибойтой ярилцах зөвшөөрөл аваад түүнийг дагуулан гарч бид гудамжинд пиво шимэн хэсэг суулаа. 
Би түүнээс хэзээ өөрийгөө эмэгтэй байхыг хүсэж байгаагаа мэдэрсэн бэ гэж асуухад тэрээр “10 настай байхдаа анх мэдсэн учир нь би эмэгтэй хүний хувцас өмсөхийг хүсэж ээжийнхээ хувцасыг байнга өмсөж үздэг байлаа. Миний энэ байдлыг аав минь хүлээн зөвшөөрч байсан боловч ээж үүнд ихээр дургүйцэж хувцасаа нуудаг байж билээ. Гэхдээ угаас илэрсэн хүсэл мөрөөдлийг яалтай билээ. Би эмэгтэй байхыг хүссэн хэвээр үлдсэн дээ. Одоо харин гэр бүлийнхэн маань миний байгаа байдлыг хүлээн зөвшөөрдөг болсон” гэж ярьсан юм. Тэр надтай ярилцаж байхдаа өөрийн дуртай өнгө болох ягаан өнгийн хүрэм өмссөн байгаад үсээ ч сайхан янзалсан, нүүрээ цэвэрхэн будсан байв. Түүнээс юу хүсэж мөрөөддөг талаар асуухад сайхан зочид буудалд ажиллахыг хүсдэг гэж хариулсан юм . Би хэд хэдэн Лэдибой томоохон буудалд ажиллаж байхыг харсан л даа. Түүний хувьд нүүрээ сайхан будаж, өндөр өсгийт өмсөж, биеэ сайхан авч явах нь сахлаа хусаж, бодигоор хичээллэж ханхар биетэй байхаас илүү гэж үзсэн байна. 
Катойчуудын зарим нь хүйсээ солиулах мэс засалд ордог боловч энэ нь өндөр үнэтэй учраас тэр болгон бүгд хийлгэж чаддаггүй. Харин хөх болоод бусад гоо сайханы мэс засал харьцангуй боломжийн үнэтэй тул ихэнхи нь сайхан хөхтэй, сайхан нүд хамартай байх нь элбэг тохиолдоно. Тайланд эмэгтэйчүүд ч бас үүнд гомдолох бөгөөд. царайлаг эрчүүд ихэнхи нь  Лэдибой байх юм гэлцэнэ. Би тэр шөнө нилээд хэдэн Лэдибойтой уулзаж ярилцаж тэднийг маргааш нь оройн хоолонд урьлаа. Болзсон цагтаа намайг ирэхэд долоо найман Катой ирсэн байж бид хамтдаа оройн зоог барьлаа.. Би тэдний дунд бяцхан өрсөлдөөн зохион байгуулж хэн нь илүү үзэсгэлэнтэй байна гэж асуухад бүгд ам уралдан нэг нэгнийхээ үс зүс, нүд хамар, гар хөлийг ажиглаж тэр сайхан нүдтэй юм энэ сайхан үстэй юм, түүний хөл нь сайхан, түүний өгзөг хөх гоё гэлцэн миссийн тэмцээнэрхүү юм болов. Тэдгээр Катойчуудын хоорондоо ярьж байгааг харахад хэдэн хүүхнүүд нийлээд суучихсан элдвийг ярьж байгаа юм шиг л шулганалдана. Тэд эмэгтэйчүүдийн ярьдаг л зүйл болох хувцас хунар гоёл зүүлт, үс гэзэг гээд тэр ч байтугай эрчүүдийн талаар ч ярилцсан юм. Хамтдаа байж ярилцах нь тааламжтай байгаа нь тэдний гэрэлтэж байгаа нүднээс харагдаж байлаа. 
Катой хүмүүс эр бэлэг эрхтэнтэй түүнийгээ заримдаа секс тоглоом болгон ашиглах боловч ихэнхи нь маш сайн нуудаг байна. Харин эмэгтэй хүний хиймэл үтрээг ашиглах нь элбэг байдаг гэнэ. Би тэднээс эрэгтэй хүмүүстэй учрах үедээ юу боддог вэ юунд илүүтэй санаа зовдог вэ гэж асуухад тэд үргэлж нэг л юмнаас айдаг гэж хариулсан. Энэ нь тэд хамтрагчаа сэтгэл хангалуун байлгаж чадахгүй байх вий гэхээс айдаг гэнэ. Учир нь тэд хэдийгээр эмэгтэйлэг боловч жинхэнэ утгаараа хэзээ ч эмэгтэй хүн байж чадахгүй шүү дээ. Энэ л тэдний сэтгэлийн шаналал юм. Харин Катой хүмүүс бие биенээ ялгаварлан үздэггүй нь адилхан хувь заяатай хүмүүсд ялгаварлах үзэл байдаггүй бизээ. Тэд өөрсдийгөө Тайландад амьдарч байгаадаа азтай, хувь заяатай хүмүүс гэж үзнэ. Буддын шашинд хүний дотоод сэтгэлийн ариуныг дээдлэхээс гадаад байдлыг дээдлэн үздэггүй гэж сургасан байдаг гэж нэг нь хэллээ  Тэднийг ойлгож, нийгэмд амьдрах, хүлээн зөвшөөрөгдөх эрхтэй байж, энгийнээр хүлээн авдаг ийм л байдалдаа тэд дасжээ. Эмэгтэй хүн байхын сайханыг мэдрэх гэж тэд тэмүүлж, бүхий л сэтгэлээр хүсэвч бие махбодиороо бүтэн заяат бүсгүй байж чадахгүйдээ битүүхэн гутарч явдаг тэдний амьдрал бусдын л адил жаргалтай, зовлонтой, инээдтэй, нулимстай. 

(Published on "Gylbaa" monthly magazine  )                         

                                                                                                                                                     2010 он