Tuesday, February 19, 2013

Далайн эрэг дээрхи тансаг “Сала”


Сүүлийн үед хүмүүс амралт, зугаалгыг аль болох байгалын сайханд, цэвэр агаар, цэнгэг усны хөвөөн дээр өнгөрөөхийг эрмэлзэх болжээ. Тэр ч хэрээр аялах нөхцөл бололцоо  өргөн болж байна. Бид энэ удаагийн аялалаараа Тайланд улсын Ко Самуй арал дээрх таван одтой  далайн эргийн тансаг амралтын газар тухлан саатлаа. Ко Самуй бол Тайланд улсдаа гуравт орох том арал бөгөөд 50 мянга гаруй иргэнтэй энэ жижиг арлыг жилд 1,5 сая гаруй жуулчид зорьж очдог гэхээр та ямар сайхан газар болохыг гадарлаж байгаа биз ээ. Онгоцны буудал дээр буухад л та  байгалийн сайханд газардана. Энэ арал дээр жинхэнэ элсэрхэг далайн эргийн амралт гэгч ямар байдагыг биеэрээ мэдрэхээс гадна наргил модны сүүдэрт сууж шүрэн хадыг харж, далайн намуухан давалгааг чагнан алжаалаа тайлах юм.  

Бидний буудалласан газар бол арал дээр байрлах тансаг зэрэглэлд тооцогдох Сала амралт. Мэдээж энд таны тав тухыг хангах бүхий л зүйлс байна. Амралтын газрын нэн тэргүүнд үзүүлэх үйлчилгээ бол тав тух юм. Ирсэн зочдын буудаллах байшин болгон гаднаасаа манай зуслангын авсаархан байшин шиг харагдана. Байрандаа орж очиход хамгийн түрүүнд халуун агаарт дураар сэрүүцэхийг хүсэх хэн бүрт зориулсан усан сан бүхий гадаалах талбайтай. Хэрвээ хүсвэл та хувийн харшдаа өөрийн усан санд дураараа цагаа өнгөрөөх боломжтой. Харин хувийн усан сангүй өрөөнд буудаллая гэвэл гадаа далайн эргийн  дэргэд нийтийн усан сан  болоод наран шарлагын газартай.
Байшингийн тавилга сэлтийг хүрэн зандан модоор хийсэн байх бөгөөд дал мод хашаан дотор нь хэд хэдээр байрлуулсан нь халуун орны уур амьсгалыг эрхгүй мэдрүүлнэ. Усан сандаа сэлээд гарахдаа наранд биеэ ээн хэвтэх зөөлөвчтэй модон сандалууд сүүдэрт тухлан суух зөөлөн дэвсгэр, дэр тавсан саравчит сэрүүвчтэй байлаа. Байшинг модоор хийсэн бөгөөд тайландад борооны улиралтай учраас дээврийг Тайландын уламжлалт барилгын хэв загвар болоод борооны ус тогтхооргүй налуу босгож хийжээ.


Гэр буудалдаа ороход сэрүүн агаараар үлээлгэсэн агааржуулагч бие эрвэгнүүлж огт өөр орчинд ороод ирсэн мэт. Гадаа 35 хэмийн халуун байхад дотор байшинд 22 хэмээр сэрүүн үлээлгэжээ. Явж ороод нэн түрүүнд нүдэнд туссан зүйл бол угаалгын өрөө байсаныг хэлэх хэрэгтэй. Учир нь та гэртээ байдаг шиг өрөөнд орж угаал үйлдэхгүй харин байгалийн сайханд бие засаж, угаалгаа хийнэ. Мэдээж өөрийнхөө хашаан дотроо паалантай жорлонтой мөн ванн, шүршүүрт л орно гэсэн үг. Энд таван одтой буудалд байх ёстой бүх зүйл таны угаалгын өрөөнд бэлэн. Алчуур, оо сойз, саван зэргийг чулуун хийцтэй угаалтуурын хажууд байрлуулж, үсний сэнс, бусад хэрэгслийг угаагуурын хажууд байрлах модон шүүгээнд хийжээ. Хөөстэй ваннанд сууж байхдаа та далайн чимээг чагнан халуун агаарыг мэдэрч хэвтэх сонин байх биз ээ. Үдэш оройдоо шумуулаас хамгаалах хүж асааж, хүсвэл борооны хаалтаа буулгасан ч болно. Угаалгын өрөөний тавиур, шалыг чулуугаар хийсэн бөгөөд халтирч унахаас сэргийлж шүршүүрийн шалыг боржин чулуугаар тусгайлан засжээ. Угаал үйлдэх өрөө тань ил задгай болохоор та оройдоо унтлагын өрөөний хаалгаа сайтар хааж ялаа шумуулаас сэргийлэх боломжтой. Унтлагын өрөөний үндсэн өнгө цагаан бөгөөд тавилгууд хүрэн бор өнгөтэй. Халуун газар үүнээс өөр ямар өнгө зохицох билээ. Унтлагын өрөө тохилог, налуу босоо таазтай нь орд харш шиг л сэтгэгдэл төрүүлэхээс гадна дарвуулт онгоцонд амарч байгаа мэт санагдаж байлаа. 


Одоо харин амралтын газрын гадаах орчинтой танилцая. Энд бяцхан хороолол шиг зохион байгууллаттай. Гудамжаар явах чулуун замуудын хажууд хаалганы тоотыг самбар дээр байрлуулж чигийг заажээ. Гаднаа хоёр том нийтийн усан сантай, тансаг зоог барих ресторантай. Далайн эрэг дээрхи зөөлөвчтэй сандал дээр наранд биеэ ээж, далайд сэлж, эргээр зугаалж амарч аваад өглөө өдөр, оройн зоогоо ресторандаа идэх юм. 




Амрагчид Европ, Ази болон Тайланд үндэсний хоолоос хүссэнээ захиалж идэхдээ сэрүүн усан санд хөлөө дүрэн суух боломжийг ч бүрдүүлж өгчээ. Өөрөөр хэлбэл усан сан дээр ширээ засуулж хоолоо идэж болно гэсэн үг. Үүнээс гадна амралтын газарт байдаг гол зүйл бол массаж, эмчилгээний өрөө юм. Модон байшингаар хийсэн сэрүүхэн өрөөнд таны биеийн алжаалыг тайлах бүх төрлийн үйлчилгээ үзүүлнэ. 














Ийнхүү 3 хоногыг далайн эргийн тансаг амралтанд туршлагатай, найрсаг үйлчилгээтэй хүмүүсээр үйлчлүүлж өнгрөөсөн нь амьдралдаа мэдрэх ёстой бас нэгэн сайхан зүйлсийн нэг болов уу гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Уншигч та ч бас боломж гарвал тэнд нэг амраад авбал ахин дахин амармаар санагдаад байх л болов уу. Дараагийн аялал дахин нэг өвөрмөц сонин зүйлээр дүүрэн байх биз ээ. 

(Barilga.mn magazine  2011 он )

No comments:

Post a Comment