Sunday, January 6, 2013

Бодлоор хөтлөгдсөн блогийн эхлэл


Эхний хуудсаа би юунаас эхлэхээ эргэцүүллээ. Чухам юу намайг энд хөтлөн авчирч би сэтгэл зүрхний угаас урган гарах гээд багтаж ядаад байгаа энэ эмх замбараагүй бодрол, өгүүлэмжийг энд бичихэд хүрвээ? Бодол! Зөвхөн хүн гэгч энэ биед л оршдог бодол хэмээх нарийн тайлбарлашгүй зүйлийн утга учрыг энэ хуудсанд тэмдэглэн үлдээх гэж би зориглолоо. Бодлын хүч хэмээн хүмүүс ярьдаг болсон өнөө цагт хүмүүний бодол санаа хэмжээлэхийн эцэсгүй алсад тэмүүлдэг гэдгийг бүгд мэднэ. Урган гарсан бодол бүрт санаа дагалдаж, харин тэр санааг бодит болгох бүтээлч сэтгэлгээг хүн өөрөө бий болгодог. Бодолтойгоо ганцаараа үлдэж, түүний цор ганц үнэнч найз нь болж түүнийг дотроо цоожилж болно. Бодлоо зүрхэндээ зураглаж, тархиндаа дүрсэлж түүнийг ургуулан тарьж өсгөн үржүүлж болно. Энэ бол таны л БОДОЛ. Харин би бодолтойгоо хоёулхнаа үлдэхийг хүссэнгүй. Би түүнийг цаасан дээр буулгахыг хүслээ, би түүнийг цахим дээр дурайн үлдэхийг хармаар санагдлаа. Бодолтойгоо өнгөрүүлсэн энэ олон жилүүдэд тэр миний цор ганц үнэнч туслах байсаар, уйлах үед нулимсанд минь шингэж, уурлах үед зүрхэнд минь савлаж, гунглах үед гутралд минь бүүвэйлж иржээ. Чухам ийм л учраас он цагийн уртад хамт байсан бодолоо би одоо энд гарган дэлгэхэд хүрлээ.Энэ хуудсанд миний бодлоос урган гарсан шүлэг, нийтлэл, өгүүлэмж, зураглал, төсөөлөл, зүүд, санал хүсэлт гээд ер нь бодолтой минь холбогдох бүх зүйл бичигдэх болно. Миний бяцхан бодлын ертөнцөд тавтай морил. Танд миний бодол бас нэгэн бодлыг төрүүлэх буйзаа. 

Хүндэтгэсэн чөлөөт бодогч Л. Баясалмаа