Tuesday, May 20, 2014

Оргил өөд үргэлж тэмүүлсээр




Шанхайд 41 хэмийн халуун нэгэн өдөр эхэллээ. Өглөөний 7 цагтай уралдан яаран сандран босоод ажилдаа гарав. Шангрила зочид буудлын сүлжээ Кэйри буудал үзэсгэлэн болж байгаа газартай зэрэгцэн байрлах тул үүнд оролцохоор ирсэн хүмүүсийн ихэнхи нь энд буудаллажээ. Лифтэнд өглөөний сонин гарчиглангаа өдрийн ажлаа бодон явлаа. Намайг үзэсгэлэн болж байгаа төвд явж ороход хатагтай Марси хэдийнэ ирчихсэн ойр орчныг янзлан цэгцэлж, сурталчилгааны самбаруудыг хянамгай ажиглан, нэрийн хуудас, танилцуулгуудыг гарган тавьж байв. Богино шаргал үсээ гельдэж арзайлган зассан, гарандаа гялалзсан олон бугуйвчнуудыг хослуулан зүүсэн түүний имиж ердийн Америк эмэгтэй шиг харагдана. Ихэнхидээ богино шорт, банзал өмсөх энэ эмэгтэйн хурдан шаламгай хөдөлгөөн, түргэн хэллэг хэлж буй мэт яриа түүний эрч хүчийг илэрхийлнэ. Хатагтай Марситай ярилцлага хийнэ гэдгээ эртнээс тохирсон тул түүнийг нэг өдөр надад зав гаргаач гэж гуйсаны дагуу бид үдийн цайны цагаар хэсэгхэн зуур ярилцахаар боллоо. Гурван өдөр үргэлжлэх үзэсгэлэн худалдааны их ажлын хажуугаар надтай ярилцах болсонд нь талархаад бид яриагаа эхэлсэн юм.





Сур: Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгөх болсон танд уншигчдынхаа өмнөөс болоод сэтгүүлийнхээ хамт олны өмнөөс баярласанаа илэрхийлмээр байна.
Марси Жонсон: Баярлалаа. Анх удаа Монголын сэтгүүлд ярилцлага өгч, өөрийн ажил мэргэжлийн талаар сэтгэгдэлээ хуваалцах гэж байгаадаа маш их баяртай байна.
Хоёулаа яриагаа National beef компанийн талаархи танилцуулгаас эхэлье. Танай компани ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
Марси.Ж: National beef компани нь 1968 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Америкдаа мах бэлтгэл болон арьс ширний нийлүүлэлтээрээ дөрөвт орох томоохон компанийн нэг юм. Бид долоо хоногт 80 мянган үхэр нядалж бэлтгэдэг. Манай компани Канзаст төвтэй мөн Калифорнид хоёр удирдлагтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн 20 жил national beef гайхалтай хурдацтай хөгжиж байгаа нь бидний амжилтаар илэрнэ. Бид өрсөлдөгчөөсөө ялгарах онцлогтой гэдгээ харуулахыг зорьж ажилладаг, өөрийн бүтээгдэхүүндээ чанар гэдэг үгийг эрхэмлэсээр ирсэн билээӨргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох үхрийн махны зах зээлд бидэнд өрсөлдөгч олон байгаа болохоор энэ бүхэн чанар болоод үнийн өрсөлдөөний тухай юм. Бид  мах бэлтгэн түүнийгээ ангилан савлаж зардаг.
Маркетингийн хувьд өөр чанарын тухай ярих хэрэгтэй болно. Энэ нь бид үйлчлүүлэгч, худалдан авагчиддаа бүтээгдэхүүнээ хэрхэн хүргэж өгч, үйлчилж байгаагаар хэмжигдэнэ. Сүүлийн 15 жил энэ бидний бизнесийн гол чиглэл, зорилт байсаар ирсэн.
Одоогийн байдлаар олон улсын зах зээлд хичнээн оронтой хамтарч ажиллаж байна вэ?
Марси.Ж: Бид 60 гаруй улсад бүтээгдэхүүнээ борлуулдаг. Хятад болон Япон, Солонгосд өөрсдийн салбар төв, борлуулагчтай. Үүнээс гадна Арабын орнууд, Европын орнууд болох Итали, Турк мөн Мексико, Канада, Азийн бусад орнууд үүнд Сингапур, энэтхэг Вьетнам, Индонези, гэх  зэрэг орнуудад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Азийн хэрэглэгчид бидний гол үйлчлүүлэгчид бөгөөд үүн дотроос Япон улс манай бүтээгдэхүүний хамгийн том зах зээл байсаар ирсэн. Япон улсын импортын махны зах зээлийн 49 хувийг манай бүтээгдэхүүн эзэлдэг.




Компанийнхаа хамгийн шилдэг бүтээгдэхүүнээс нэрлээч?
Марси.Ж: Манай фермийн үхрийн хувьд хамгийн шилдэг нь black angus үүлдрийн үхэр юм. Black canyon үхрийн мах шилдэг бүтээгдэхүүнд тооцогддог. Үүнээс гадна шарсан махны хувьд үхрийн хавирганы стэйк Америкадаа үргэлж хамгийн шилдэг нь байсаар ирсэн. Олон улсын тухайд  барбекю маягаар бэлтгэсэн захын хавирганы махан стэйк шилдэг бүтээгдэхүүн гэж тооцогдсоор байгаа.
Танай компани бүтээгдэхүүнээ хэрхэн сурталчилдаг вэ?
Марси.Ж: Бидний хувьд national beef компанийн бүтээгдэхүүн гэж хүмүүст зарлаж сурталчилдаггүй. Бид  зах зээлд өөрийн байр сууриа олсон тодорхой худалдан авагчтай тэдэнтэйгээ хамтран ажилладаг. Мах махан бүтээгдэхүүний зах зээлд өөрийн гэсэн байр суурь, нэрийг олсон нь бүтээгдэхүүний нийлүүлтийг өсгөхөд чухал нөлөөтэй юм. Өөрийн бүтээгдэхүүнийг худалдан авагчаараа дамжуулан сурталчилдаг нь бидний бүтээгдэхүүнээ таниулах гол арга бөгөөд Хамтран ажиллагчдынхаа явуулж буй сурталчилгааны ажилд дэмжлэг үзүүлж ажиллах нь бидний гол зорилго. Та бүхэн манай компаний нэр бүхий шошготой мах, махан бүтээгдэхүүнийг дэлгүүр болон худалдааны төвүүдэд олж харахгүй. Бидний хувьд өөрийн худалдан авагч нараараа дамжуулж хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэдэг. Бид маркетингийн бизнесээс бизнес, бизнесээс харилцагч гэсэн зарчимыг түлхүү ашигладаг. Бид худалдан авагч бүртэй тулж ажилладаггүй бөгөөд харилцагчдаараа  дамжуулан хэрэглэгчиддээ хүрдэг.
Маркитингийн хамгийн сонирхол татахуйц зүйл нь юу вэ?
Марси.Ж: Маркетинг гэдэг бол  хэрэглэгчээ ойлгох явдал юмХудалдан авагчынхаа хэрэгцээ шаардлагыг ойлгох явдал нэн чухал. Бараа бүтээгдэхүүнээ борлуулахдаа энэ нь хэрэглэгчийн худалдан авах чадварт хэрхэн нөлөөлж байгааг тооцоолдог. Тэд манай бараа бүтээгдэхүүнийг худалдан авах уу? Тэд ямар сав баглаа боодолтой байлгахыг хүсэж байна? Бүтээгдэхүүний өнгө үзэмж ямар байхыг хүсэж байна? Ямар бүтээгдэхүүнийг ямар үнээр авахыг хүсэж байна? Өнөөгийн зах зээлд манай бүтээгдэхүүн ямар түвшинд явж байна? Энэ бүгдийг судалж худалдан авагчын бодолд нэвтрэхийг хичээж, тэднийг ойлгохыг хичээх нь маркетингийн хамгийн сонирхол татах зүйл юм.
Америк махны давуу талыг бидэнд танилцуулаач?
Марси.Ж: Бразилыг эс тооцвол бид дэлхий дээр хамгийн их, мах махан бүтээгдэхүүн зардаг. Бидний гол анхаардаг зүйл бол малаа өсгөж, үржүүлэх, тэжээх явдал байдаг. Үхрийг төрөхөөс нядлах хүртэл арчилгаа их шаарддаг тул бид тусгайлан үхэр үржүүлэх ажилчид сонгож авдаг. Үхрийг нядалгааны үе хүртэл нь  арчлах амаргүй ажил. Учир нь бид дэлхийн ихэнхи оронд  төрөл бүрийн махыг нийлүүлдэг болохоор нядалгаанд орох үхэр тус бүрийг өөр өөр аргаар арчилах шаардлага гарна. Бид үхрийг маш нарийн дараалалтай фермийн аж ахуйгаар өсгөж, тэжээдэг. Үүнд их хугацаа зарцуулагдана. Нядалгаанд орох хүртэл үхрийг маш нарийн аргаар өөрөөр хэлбэл ухаалаг аргаар тэжээдэг гэсэн үг. Тэднийг бүгдийг нэг ижил жинтэй байлгах ёстой, бүгд тогтсон насандаа хүрсэн байх ёстой. Тэр цагт л нядалгаанд оруулна.Одоогоор Америкийн үхрийн махны бизнес цөөн тооны компанийн хүрээлэлд байна. 50 жилийн өмнөх Америкийн махны бизнесийг харах юм бол тэр үед 100 хүн мах нядалж бэлтгэж, нийлүүлдэг байсан бол одоо ердөө цөөхөн тооны бэлтгэн нийлүүлэгчид байна.



Та бүхэн өөрийн бүтээгдэхүүнээ таниулахын тулд ямар мэдээллийн хэрэгслийг ашигладаг вэ?
Марси.Ж: Бидний ажил бол бизнесээс бизнест чиглэсэн тиймээс бид ямар нэг мэдээллийн хэрэгсэл ашиглах болон хэвлэл мэдээллийн салбараар дамжуулж ажилладаггүй. Бидний гол арга бол худалдан авагчтайгаа хамтран тэдний сурталчилгааны төлөвлөгөөн дээр тулгуурлан хэрэглэгчдээ таниулдаг. Америкт бол худалдан авагч нар маань сурталчилгааны хуудсуудыг түлхүү ашигладаг. Мөн долоо хоног тутмын сонин дээр өөрсдийн бүтээгдэхүүний танилцуулга болоод үнэ ханшийг мэдээлдэг. Манай компаний зүгээс үүнд нь дэмжлэг үзүүлж хамтран ажилладаг. Энэ бүхэн бидний бүтээгдэхүүнээ сурталчлах гол арга зам юм. Заримдаа шинэ бүтээгдэхүүнээ телевизийн сувгаар танилцуулах үе байх боловч энэ нь маш ховор тохиолдол. Учир нь энэ нь бидний хийж буй ажилд тийм ч тохиромжтой биш . Америкт хүмүүс мах худалдаж авахдаа телевизийн сурталчилгаа үзэж бус ханшийн мэдээ харж сонголтоо хийдэг. Энэхүү ханшийн мэдээ нь Америкийн бүх мужууудад долоо хоног бүрийн Лхагва гаригт сонинд гарах бөгөөд бид үүнийг Лхагва гаригийн тойрог гэж нэрлэдэг. Бид худалдан авагчдынхаа ямар сурталчилгаа хийж байна түүнийг нь дэмжиж хамтарч ажилладаг гэж хэлж болно.
Америкт Махны  хэрэглээ сүүлийн жилүүдэд өсөж байна уу? Махны хэрэглээг өсгөхийн тулд та бүхний зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ?
Марси.Ж: Манай улсын  хувьд уураг ихт бүтээгдэхүүнийг сонгож худалдан авах нь улам их болсонУураг ихтэй үхрийн мах болон тахиа, гахайн мах нь худалдан авагчдын хамгийн эрэлт ихтэй бүтээгдэхүүн болсон. Сүүлийн жилүүдийн судалгаагаар харахад Америкт үхрийн махны үнэ урьд жилүүдийнхээс улам нэмэгдэж байна. Энэ байдлаас болж хүмүүсийн худалдан авалтанд өөрчлөлт гарч байгаа. Жишээ нь эзэгтэй нар өнөөдөр гэртээ үнэтэй үхрийн мах авах уу? тахиа, гахайгаар хэрэгцээгээ орлуулах уу гэж бодох болсон. Америкийн ресторануудын хувьд үхрийн мах  шим тэжээлт хэрэглээний нэг хэвээр байгаа. Хүмүүс үхрийн махан хүнсийг хэрэглэсээр л байна. Зоогийн газар, хоолны хэсэгт хүмүүс үнэтэй ч гэлээ амттай үхрийн мах худалдан авч иддэг хэвээрээ байгаа. Тэгэхээр үнэ хэдий өссөн ч хэрэглээ хэзээд байгаа гэсэн үг юм. Би энд шоунд оролцож буй Венеусэлээс ирсэн нэгэн бизнесмэн залуутай ярилцаж суулаа. Түүний хэлсэнээр Венесуэлд үхрийн махны хэрэглээ эрс нэмэгдсэн гэнэ. Тэнд үхрийн мах хэрэглэчдийн тоо Америктай харьцуулахад 2 дахин өссөн гэж байна. Үүний дараа би өрөөндөө ороод нэгэн судалгаа харлаа. Тэнд бичсэнээр Америкчууд жилд нэг хүн дунджаар 30 кг үхрийн мах иддэг гэж бичжээ. Энэ бол их тоо гэж би бодож байна.
Таны өөрийн хувийн амжилтын түүх маш арвин байх. Хэзээ нэгэн цагт гаргаж байсан бүтээлч санаанаасаа сонирхуулна уу??
Марси.Ж: Тэгэлгүй яахав. Маркетинг талаас нь авч үзвэл анх удаа төсөл дээр ажиллаж байгаа бол  бидний нэрлэж заншсанаар бүтээлч уур амьсгалыг ажилдаа түлхүү ашиглаж, гүйцэтгэх гэж байгаа зүйлээ өөрийн бодолтой уялдуулан хийх явдал юм. Хамгийн түрүүнд уг төслийн талаар маш сайн ойлголттой болох. Хэрвээ би нэг сонин, сэтгүүлд сурталчилгааны материал бэлдэх гэж байгаа бол хамгийн түрүүнд өөрийн бодол санаан дотуураа аялдаг. Эхний алхам бол бидний хэрэглэгч хэн байх вэ? Энэ сурталчилгааг хэнд хүргэхийг хүсэж байна вэ? Дараагийн алхам нь гол санаагаа олох юм. Та үүнийг үзүүлсэнээрээ ямар үр дүн хүлээж байна вэ? Энэхүү сурталчилгаанаас хэрэглэгчид юуг ойлгож авах вэ? Үүний дараа өөрийн бүтээлч сэтгэлгээгээ ашиглан сурталчилгаандаа шинэ элемент, сэтгэмж оруулахыг хичээдэг. Үүнд юуг дүрслэн харуулах вэ? Ямар мессежийг хэрэглэгчдэд хүргэх хэрэгтэй вэ?
Төгсгөлд нь хэрэглэгчид үүнийг үзээд юу хийгээсэй гэж та хүсэж байна вэ гэдгийг боддог. Тэд үүнийг хараад дэлгүүрлүү гүйн хамгийн сайхан махнаас сонгон худалдаж авахыг та хүсэж байна уу? Эсвэл бүтээгдэхүүний талаар илүү ихийг мэдэх хүслийг үлдээхийг зорьж байна уу? Аль эсвэл байгууллагынхаа сайтыг танилцуулж, зарлагдсан урамшуулал, шалгаруултаа сурталчилахыг хүсэж байна уу? Миний хувьд энэ бүхнийг бодож зорилгоо тодорхойлдог дооХэрвээ та зорилгоо тодорхой болгоогүй шууд алхам хийх гэвэл энэ бүхэн амжилт олохгүй. Энэ бол хамгийн чухал зүйл бөгөөд зугаатай хэсэг юм. Тархиныхаа хүчин чадлыг ашиглах үе бол хамгийн хөгжилтэй үе байдаг. Маркетингийн хамгийн зугаатай зүйл бол багаар ажиллах бөгөөд хүн бүрт янз бүрийн санаа байдаг учраас олон санаагаа нэгтгэн нэг бүхэл цул болгосоноор тэндээс гайхалтай бүтээмж гардаг. Учир нь чамд сайхан санаа уран сэтгэмж байж болох ч хамтдаа бүр илүүг сэтгэж чадна. Энэ нь эрч хүчийг авчирдаг. Тийм ч учраас би багаар ажиллах дуртай.

Та өөрийнхөө хийсэн ажлуудаас хамгийн их бахархаж явдаг ажлаа бидэнтэй хуваалцаач?
Марси.Ж: Миний хамгийн их бахархаж , дурлаж хийж байсан ажил бол нохойн шүдэнд зориулсан бүтээгдэхүүн борлуулдаг байсан үе юм. Учир нь бид 5 жлийн дотор бүтээгдэхүүний борлуултыг 5 саяас 200 сая болтол өсгөж чадсан. Бид тэр ажилд маш их мөнгө зарцуулсаннилээд судалгаа хийсэн. Бид сурталчилгааны Горилла тактик буюу хамгийн бохир аргыг хүртэл хэрэглэж байсан. Энэ нь бид бүхэн хэрэглэгч бүртэй тулж ярилцан өөрийн бараа бүтээгдэхүүнийг танилцуулж, бидний бүтээгдэхүүн хаана эрэлттэй байна тэнд очиж бүтээгдэхүүнийхээ загварыг тарааж үйлчлүүлэгчээ олдог байсан. Би тэндээс юу сурсан гэвэл үйлчлүүлэгчтэйгээ хэрхэн харилцах, ярилцахыг сурсан. Бид өөрийн бүхий л боломжийг ашигласан. Бид хаа сайгүй явж энд тэнд  зохиогдох олон арга хэмжээнүүдийг алгасалгүй очиж өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулдаг байсан. Энэ нь бидэнд амжилтыг авчирсан. Бид хурдан хугацаанд том амжилтанд хүрсэн гэж боддог. Хэрвээ та амжилттай ажиллаж байвал тэр хэрээрээ урам зориг нэмэгдэж эрч хүчээр дүүрэн болж, цаашид ихийг хийж бүтээх хүсэл тэмүүлэл нэмэгддэг. Амжилт урам зоригыг бадраадаг шүү дээ. Энэ миний хамгийн их бахархаж явдаг ажил даа. Түүнээс гадна би энэ ажлаар бахархах болсон шалтгаан нь олон сайхан хүмүүстэй хамтарч ажиллаж байсан. Тэдгээр хүмүүс тийм ч их туршлагатай байгаагүй боловч би тэдэнтэй ажилласанаараа бие биедээ итгэж гар нийлж хамтарч ажиллавал юуг ч бүтээж чаддаг болохыг сурсан. Манай багийн хүмүүс хамгийн ухаантай, шилдэг, авъяастай, мундаг боловсролтой хүмүүс байгаагүй хэдий ч бид хамтдаа бүгдийг даван туулсан. Өдөр бүр бид ажилдаа ирэхдээ бид хамтдаа чадна гэж хэлдэг байсан. Тэгээд ч бид чадсан.
Үйлчлүүлэгчтэйгээ хэрхэн харилцаа холбоотой ажилладаг вэ?
Марси.Ж: Үхрийн махны бизнесийн хувьд бид бүтээгдэхүүнээ гурван өөр төрлийн үйлчлүүлэгчид нийлүүлдэг.
  1. Зоогийн газрууд
  2. Хүнсний жижиглэн худалдааны газар
  3. Гадаад худалдаа
Эдгээрээс хамгийн өндөр хувьтай нь хүнсний жижиглэн худалдааны төвүүд юм. Энэ бол манай худалдан авагчдын дийлэнхи хэсэг. Зоогийн газруудын худалдан авалт өссөөр байгаа. Үүнийг бид хоолны газруудын үйлчилгээ гэж нэрийддэг. Тэдгээр газрууд хоолны үйлчилгээ үзүүлдэг бүхий л байгууллагуудтай холбогдож ажилладаг гэсэн үг. Нөгөө томоохон хэсэг бол гадаад худалдаа. Гэвч тэдгээр үйлчлүүлэгч нартаа  нийлүүлэлдэг бүтээгдэхүүн бүр өөр онцлогтой. Өндөр үнэтэй зоогийн газар нийлүүлдэг махнаас бургерийн мах нь мэдээж өөр байна. та Мортон стейк хауст ороод 100 долларт идэх махнаас Макдоналдст идэх бургерийн махны чанар болоод үнэ харьцангуй өөр байх болно. Бид үйлчлүүлэгчийнхээ эдийн засгийн боломж тэдний худалдан авах чадвар болоод хэрэглээнд тохирсон бараа бүтээгдэхүүнийг нийлүүлдэг. Тйим учраас үйлчлүүлэгчээ судалж, тэдний хүсэл, хэрэгцээг сайтар мэдэрдэг байх нь чухал юм.

Амжилтыг та  юугаар хэмжих вэ?
Марси.Ж: Маркетинг талаас ярьвал таны асуултанд хариулахад хэцүү. Энэ бүхэн нэгэн хэв загвартай. Борлуулалт талаас нь ярьвал энэ асуултанд хариулахад амархан. Би хэдийг зарсан , хэдийг зарж чадаагүй вэ? Би хэр хэмжээний мөнгө олсон, алдсан гэдгээ тооцоолно. Гэвч борлуултын бодит байдал нь хамтын ажиллагаан дээр тогтдог. Маркетингийн боломж нь борлуулалтын боломжоо бүрдүүлж дэмждэг байх ёстой. Бидний амжилтын гол суурь нь хамгийн түрүүнд бид хүссэн бараа бүтээгдэхүүнээ зарж чадаж байна уу гэдгээр хэмжигдэнэ. Өөрсдийн хүссэн үнээрээ борлуулахын тулд бид худалдан авагчдын хэрэгцээт бүтээгдэхүүнийг хэрэгцээтэй үед нийлүүлж чаддаг байх хэрэгтэй. Хэрвээ та зөвхөн маркетинг талаас нь ярихыг хүсэж байвал би энэ сурталчилгааг энэ сэтгүүлд нийтлүүлсэнээр ямар амжилт олох вэ? Үүнд хэр их мөнгө зарцуулагдах вэ? Энэ сурталчилгаа хэр анхаарал татах вэ? гэдгийг бодох хэрэгтэй. Хамгийн гол нь зорилгоо тодорхойлох хэрэгтэй гэж бодож байна. Таны зорилго юунд чиглэсэн байна вэ? Та бүтээгдэхүүнээ сурталчилахад бэлэн үү? Борлуултын багийнхан тань үүнд бэлэн үү? Худалдан авагчид үүнийг ойлгох уу? гэх мэт асуултыг өөртөө тавих хэрэгтэй . түүнчлэн Бид хэн бэ? Бидэнд энэ бизнест орон зай байна уу гэдгээ мэдэрч ажиллах нь чухал. Хүмүүс танай бүтээгдэхүүнийг хараад л таньдаг болох, сонсоод л мэддэг байх нь чухал юм. Үүгээр л бид өөрсдийн амжилтыг хэмждэг дээ.
National Beef компанийн амжилтын нууцаас хуваалцахгүй юу?      
Марси.Ж: Компанийн амжилтын тухайд үүсгэн байгуулагчдын үндэс суурийг нь тавьсан компанийн гол зарчим болох хэрэглэгчиддээ анхаарал хандуулах асуудлыг онцлох нь зүйтэй юм. Бид худалдан авагчаа анхаардаг, тэдэнд хэрэгтэй бүтээгдэхүүнийг нь нийлүүлдэг. Хэрэглэгчгүйгээр бид амжилтанд хүрэхгүй. Хэрэв бид тэдний хүсэл сонирхолыг харгалзаж үздэггүй байсан бол, хэрвээ бид худалдан авагчаа сонсдоггүй байсан бол бид ийм амжилттай байхгүй байсан. National beef бусад амжилтанд хүрч чадсан компаниудтай адилхан, ингэж л эхэлсэн. Компанийг үүсгэн байгуулсан хүмүүс үүнд л гол анхаарлаа хандуулж ирсэнээр бидэнд энэ зарчмыг уламжлал болгон өвлүүлсэн гэхэд болно. Анх манайх цөөхөн ажилчидтай жижиг компани байсан. Гэхдээ тэд үйлдвэрлэлтээ өсгөхийн тулд маш шаргуу, уйгагүй ажилласан. Шинээр ажилчид ирэх бүрт тэд өмнөх хүмүүс шиг махруу ажиллах ёстойгоо ойлгодог. Хэрэглэгч бол бидний анхаарал хандуулах гол зүйл юм. Өдөр бүр бид ажилдаа ирэхдээ худалдан авагчын хэрэгцээ шаардалагад нийцсэн бүтээгдэхүүн байна уу үгүй юу гэдэгт анхаардаг. Хэрвээ бид ямар нэг зүйл өөрчлөх шаардлагатай бол энэ нь манай харилцагч нарт хэрхэн нөлөөлөх талаар бодолцож сайтар анхааралтай хэлэлцдэг. Өөрчлөлт өнөөгийн зах зээлд нийцэж байна уу, үгүй юу? Өөрчлөлтөнд харилцагч нар маань сэтгэл хангалуун байх уу? гэдэгт гол анхаарлаа хандуулж ажилладаг. Энэ бүхэн компанийн уламжлалтай холбоотой .Бид уламжлалт аргаар ажлаа явуулсан. Ингэсэнээрээ бид амжилтанд хүрсэн.
Америк үхрийн мах дэлхийд дээгүүрт тооцогдох махны нэг. Үүний давуу талыг та бидэнд хэлж өгөөч. Танай бүтээгдэхүүн юугаараа давуу талтай вэ?
Марси.Ж: Бизнест шаардлага өндөр байх нь чухал. Үйлчлүүлэгчийн байнгын шаардлагыг хүлээж авахад бэлэн байх. Хэрэглэгч уг бүтээгдэхүүнд мөнгө төлж худалдан авч байгаа тохиолдолд шаардлагыг биелүүлэхэд үргэлж бэлэн байх ёстой. Үхрийн мах шим тэжээлтэй хүнсний нэг байсаар ирлээ. Хэрвээ та гахайн махны бизнес эрхэлж байгаа бол гахайн мах хамгийн сайн нь гэж ярих байсан биз. Гэхдээ бодит байдал дээр үхрийн мах эрэлтээ хэзээ ч алдаагүй. Америкт бургерхаан байсаар ирсэн. Тэд бургерыг үргэлж л иддэг. Зарим хүн өдөр бүр иддэг. Америкчууд хоол хүнсний хэрэглээний аюулгүй байдалд итгэл үзүүлдэг. Өөрөөр хэлбэл хүнсний аюулгүй байдал, худалдан авагчийн итгэл баталгаажсаар ирсэн. Тэд юу худалдаж авч идэж байгаадаа санаа зовохгүй болж ирсэн. Учир нь тэд чанарын асуудалд өндөр шаардлага тавьдаг болсон. Өнөөдөр авсан махны чанар дараа долоо хоногт өөрчлөгдөхгүй байхыг тэд хүсдэг. Махны үйлдвэрлэгчид ч үүн дээр ихээхэн анхаарч ажилласанаар дээд зэргийн чанар болоод их уураг агуулсан, амт сайтай махыг хэрэглэгчдэд нийлүүлж чадах болсон. Ийм итгэл найдварыг үзүүлж чадсанаар бүтээгдэхүүний үнэ өссөн ч хэрэглэчдийн хувь буурахгүй байгаад Америк махны давуу тал оршиж байгаа юм.
Хэрвээ та бүтээгдэхүүнээ Монголд сурталчлах болвол юуг голчлон анхаарах вэ?
Марси.Ж:Би бүтээгдэхүүндээ амт, нийцэл, тэжээллэг чанар гэсэн гурван зүйлийг голчлон анхаарна. Энэ гурав бол махны зах зээлд худалдан авагчидаа татах гол үзүүлэлт юм.


Та өөрийн карьерын оргилоо 100 мильтэй зүйрлэвэл хэд дэх миль дээр нь явж байна гэж хэлэх вэ?
Марси.Ж: Энэ ямар хөгжилтэй атлаа хэцүү асуулт вэ? (сур. инээв) Би 30 аад жил мэргэжлээрээ ажилласан. Энэ бол миний хувьд багагүй хугацаа. Би өөрийгөө амжилтын оргил цэгтээ хүрчихлээ гэж хэзээ ч хэлэхгүй. Бүх зүйлийг даван туулсан ч гэж хэлэхгүй. Чамд л гэж ярихад миний ажилласан жилүүдийн хамгийн зугаатай үе бол миний өмнө дурдсан амьтдын шүдэнд зориулсан бүтээгдэхүүн зарж байсан үе юм. Тэнд л би амжилтынхаа ихэнхи үеийг олж мэдэрсэн. Би тэр компанид байхдаа хөгжилтэй, гайхалтай мөчүүдийг өнгрөөсөн. Гэвч амжилт ирэх үед мөнгө бас дагаж ирдэг. Биднийг өөр компани худалдаж авах болоход би дагаж худалдагдахыг хүсээгүй. Би өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Тэр бол үнэхээр харамсалтай боловч би тэр үеийг миний амжилтын оргил үеүүд гэж хэлнэ. Гэхдээ би миний цааш үргэлжлүүлэх цаг дууссан гэж хэлэх гээгүй юм шүү. Надад илүү олон боломж нээлттэй байгаа. Би шинэ салбарт орж ирээд ихийг сурсан. Шинэ зүйлд суралцах бүртээ чи улам шаргуу ажиллахыг хүсдэг болно. Миний бодлоор бидний хичнээн жил ажилласан, хэдий хэр туршлага хуримтлуулсан нь бус хэрвээ миний өмнө ямар нэг шнэ зүйл, бараа бүтээгдэхүүн байгаад би түүнийг хэрэглэгчдэд хүргэхийг хүсэж л байгаа бол үүнд оргил гэж үгүй. Надад цааш явах олон зам байна. 0-100 миллийн зайг туулнаа гэж хэмжих юм бол надад одоо ч олон милл явах зам үлдсэн. Би 75 нас хүрчихээгүй байна шүү дээ ( сур. хөгжилтэй инээв )
Сур: Таньд маш их баярлалаа, таны цаашдын ажилд тань амжилт хүсье.
Марси.Ж: Танай сэтгүүлийн хамт олонд ч гэсэн ажлын амжилт хүсье.
                                                                                                                        Ярилцсан:Л.Баясалмаа

( "Marketing today"  Mongolian monthly magazine )