Monday, August 19, 2013

Хөвсгөл далайд бүүвэйлэгдсэн Ханх сум, хүнийх болсон миний нутгийг биширсэн Аршан, Монды аялал

             Зун бол тэр чигтээ амралт, зугаалга, аялалын улирал учраас энэ гурван сар хүн бүр чадах хирээрээ амарч өнгөрсөн хаврын ачаалал, стрессээ тайлж ирэх намрын эрч хүчээ сэлбэдэг. Энэ боломжийг би ч бас яаж алдахав зуслан гарч, хөдөө явж, зугаалан, наадам найрыг аль болох үр дүнтэй үзсэн харсантай өнгөрүүлэхээр шийдлээ. Наадмын хувьд бол хүн бүрийн очиж амардаг хамгийн ойр аймгууд болох Архангай, Өвөрхангайруу явсан маань урьд очиж үзээгүй байгалийн сайханыг үзэх боломжийг олгосон юм. Аялалын хамгийн сонирхолтой хэсэг болох Хөвсгөл аймгийн Ханх суманд очиж амарсан нь энэ зуны онцгой аялал байлаа. Улаанбаатараас Мөрөн хүртэл нийтийн тээврийн автобусаар зорьчсон нь аялалыг маань улам сонирхолтой дурсгалтай болгож өгсөнөөс гадна зардалд хямд туссан сайн талтай. Таван шарын бидний нэрлэж заншсанаар Драгон төв дээр байрлах авто вокзал дээрээс том хүн 32 мянга, хүүхэд 28 мянгаар Мөрөн хүртэлх автобусны тасалбар худалдан авахдаа аль болох эрт 2-3 хоногийн өмнө очоод авчихвал олдоц ихтэй юм билээ. Болзоот өдөр автобусандаа суугаад 12 цагийн аялалдаа гарах боллоо. Холын тээвэр гэсэндээ ая тухтай суух, хэвтэхэд эвтэйхэн автобус явдаг нь сайн юм. Мөрөнд маргааш өглөө нь эрт ирээд дахин цааш Ханх хүртэл 300 км аялалд гарахын өмнө амарч унтаж, угааж арчиж явахгүй бол цааш явахдаа засмал бус бартаат замаар таваргана. Энэ бол тэвчээр шаардсан аялал юм шүү.  Бороо ихээр орсон үед энэ замаар явбал мөсөн дээгүүр явж байгаа мэт шавар дээгүүр гулгаж, халтирч, шигдэж түмэн бартааг туулах хэцүүхэн аянд гарна. Аз болж зөөлөн машин таарахгүй бол хуучны 69, Пургон голдуу явдаг Ханхын зам таны тэвчээр хатуужлыг шалгах болно.Бидний аз болж  хөнгөн жийп машин олсон нь энэ бартааг туулахад тийм ч хэцүү байсангүй. Шөнийн турш туршлагатай жолоочтой давхисаны хүчинд их бартааг төвөггүй давж маргааш үд нь Ханх суманд орж ирлээ.


Замд өнгөрсөн байгалийн сайханыг үгээр хэлж боломгүй бөгөөд ийм сайхан нутагт амьдардаг ард иргэд тайван сайхан амгалан аж төрдөг гэдэгт эргэлзэх юмгүй. Ханх сум хүртэл Хөвсгөл далайн эргээ дагаж явсаар давхиад орчихно.




Нутгийн өвгөн ах хүргэн хүүтэйгээ биднийг хүргэж ирээд гэртээ орж цайлж, ундлахыг асуусан боловч анх удаа ирж байж санаа зовоод айлд орж чадсангүй. Зочломтгой сайхан сэтгэлт ах нарыг гомдоосон бол уучлал гуймаар л бодогдох юм. Бидний буудаллах газар бол Ханх гаалийн хороо бөгөөд энд авга эгч ажиллаж амьдардаг болохоор зорьж ирэнгээ амарч авахыг зорилгоо болгосон юм.


Авга эгчийн хэлсэнээр Ханх сум 2000аадхан хүн амтай гэсэн нь бараг л хэн хаана байдаг, хаашаа явсан, хэнийд байгаа гэдгийг төвөггүй мэдэж болно. Хашаанаасаа гараад арын гудамжинд Хаан , Хадгаламж банк, урд талд Хүнсний болоод барааны дэлгүүр, доош нуурлуу уруудаад захиргаа байрлана.



Ийм л цомхон сумын иргэд эрвийх дэрвийхээрээ өөрсдийн хэрэгцээт зүйлээ хийчихнэ. талхаа барина, мах сүүгээ бэлтгэнэ, тараг цагаагаа хийнэ, модоо бэлдэж загас барьж амттай загасны нухаш бэлднэ. Хөвсгөлийн балиус загасны нухашны амтыг одоо ч дахин амталмаар, салшгүй амт гэж дээр нь бичсэн байгаа нь аргагүй үнэн.



Наашаа Мөрөнд ирэхдээ авсан цагаан загасны нухашны амт бол дэргэд нь сулхан санагдана. Ханх сумын барьсан талх ч тэр шинэхэн бүрсэн тараг ч тэр бас л сайхан амттай. Байгалийн сайханыг өгүүлэх гэвэл үг дутаж, чимэг багадмаар үзэсгэлэнтэй билээ. Солонгорон гялтагнах Хөвсгөл далайг дээрээс нь харахад нэг том, цэнхэр тэгшхэн, өөгүй мөс шиг бас намуухан, аниргүй, тогтуун харагдах үед гүйж очоод гулган тогломоор ч юм шиг хөгжилтэй бодол ургана. Үдэшдээ салхи сэвэлзээд нуурыг зөөлөн үлээж долгиотуулахад эргээр нь алхаж чимээг нь чагнан давалгааг нь ажиглавал сэтгэл сэргэж, бодол цэгцрэх шиг гайхалтай мэдрэмж төрөх аж.


Өвөлдөө нуур хөлдөхөд мөсөн дээгүүр машинаар ирэх нь нэг бодлын амар боловч цөмрөх аюлгүй гэх баталгаа байхгүй гэнэ. Модонд дунд байдаг болохоор бид чинь өвөлдөө даардаггүй шүү дээ, Улаанбаатар ч хүйтэн шүү гэхэд нь бага зэрэг гайхлаа. Мод дулаан илчтэй боловч Хөвсгөлийн өвлийг хамгийн хүйтэн болдог гэж бодож байсан юм. Байгаль хангай минь биднийг модтой устай байлгаж ивээж байгаад баярладаг хэмээн нутгийн иргэд бахархан ярих нь аргагүй Хөвсгөл далай ээждээ ивээгдэн амьдарч байгаа юм байна даа гэж бодогдсон юм.


Ханх сумынхан нутгаа хөгжүүлэх гэж чадах чинээгээрээ ажиллах боловч төвөөс алслагдсан, засмал замгүй сумын хувьд хөгжлийн ахиц тийм ч сайн мэдрэгдэхгүй байгаа нь анзаарагдлаа. Байгаль дэлхийн үзэсгэлэнг цогцлоосон энэ газарт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд аяндаа сум сэргэн хөгжих нь тодорхой боловч дээд удирдлагын амыг харж, төсвийг тааруулж суухаас өөр арга чаргагүй мухарддаг нь харагдана. Ийшээ зорин ирэх жуулчдын ихэнхи нь хилээр орж ирсэн хэдэн оросууд, загасчлах сонирхолтой шинэ орос баячууд моторт завиараа нуураар зугаалж үзэгдэнэ. Биднийг очиход сумын төвөөс хилийн застав хүртэл засмал зам тавих ажил эхлүүлээд 2014 онд хүлээлгэж өгөх гэж байгаа хэмээн төслийн ажилчид хэсэг залуус тааралдаж хэллээ.


Нэгэнт хилтэй ойрхон ирсэн тул цааш Оросруу хил гарч сонирхож, үзэх хүсэлтэй байсан учраас Оросын нутаг дэвсгэрийн нэг хэсэг болох Монды уруу явлаа. Хил даваад шууд засмал зам залгахад мөнгөтэй улсын алс зэлүүд тосгон нь хүртэл онгироо юм даа гэж бид ёжлон инээлдэж байлаа. Цаашлаад явж байхад замаа байнга тордож янзалж шинэчилж, засаж байгаа нь харагдана.
  

Энэ бол түүхээр ярьвал манай Монгол улсын газар нутаг байсан бөгөөд бидний эрх чөлөөнийхөө төлөө төлөөс болгож барьсан хамгийн том төлбөр байсан юм. Тэр үед хилийг хааж Орос улс өөрийн нутаг дэвсгэр хэмээн зарласанаар хилийн наана цаана үлдсэн буриад зон ахан дүүс салж, хоорондоо уулзаж чадахгүй болсон гэдэг. Тиймдээ ч хагацсан ахан дүүсийг уулзуулж байхын тулд Оросын энэ хэсэгт Монголчууд цагаан хуудас буюу визгүй зорчих журам гаргасан юм билээ. Үүнээс гадна худалдаа арилжааны ашиг сонирхол байсан болохоор энэ хилийн хэсгийг чөлөөтэй зорчдог болгосон бизээ.

Нацагдоржийн Миний нутаг шүлэгт гардаг Хэнтий Хангай Саяны өндөр сайхан нуруунууд гэж шүлэглэдэг Саяны нуруу энд байрлана. Ийм сайхан байгалийн эзэн нь болж үлдэж чадаагүй гэхээр дотроо харамсах сэтгэл төрсөнийг нуух юун. Ой мод, хөвч хангай, уул нурууд, ус булаг, рашаан гол, хүрхрээ хад асга цөмөөр нэгэн бүхэл цогц урлагийн бүтээл мэт гайхалтай бишрэм үзэсгэлэн байлаа. Буриадууд Монголчуудад их сайн, Монголоор яриад л Улаанбаатарыг ихэд сонирхож асууна. Харин хуучин бууны хугархай Орос авгайчуул, хөгшчүүл  хахир ааштай хэдэр зантай дээрэлхүү хүмүүс болох нь анзаарагдлаа. Хүний нутагт усыг нь уувал ёсыг нь дага гэдэг шиг тэдэнтэй эвтэй сайхан л харьцахгүй бол гэдийгээд суучиж мэдэх хүмүүс байналээ. 

Аршан гэх газар бол жуулчдын ихээр очдог газрын нэг хэсэг бөгөөд энд зургаан төрлийн рашаан оргилон бургилдагт хүмүүс олноороо хошуурч ирцгээдэг. Бидний уугаад байгаа Кука Курортная гэх рашааныг эндээс савлаж зардаг гэдгийг амсаад л мэдсэн юм. Хоногийн 24 цаг тасралхгүй, үнэгүй урсаж байдаг энэ рашааныг бизнес санаа болгож зардаг сэргэлэн хүмүүс байхад түүнийг хэрхэн хэрэглэх талаар эмчийн зөвлөлгөө өгдөг хэсэг хүмүүс байна. Тэдгээр эмч нарт биеэ үзүүлсэний дараа өөрт тохирох рашааныг курсээр ууж эмчлүүлнэ гэж байгаа нь бас нэг төрлийн бизнес сэтгэлгээ байгаам шүү.
Монгол, казак хоолны ресторан хаа нэг тааралдахад орвол ихэнхи нь Хөвсгөлөөс ирсэн оюутан охид хүүхдүүд ажиллаж байлаа. Ер нь энд ирж ажил хийдэг Монголчууд байна. Тэднийг байр хоолоор үнэгүй хангаж, дээр нь цалинг нь чамлахааргүй өгдөг болохоор хичээж чармайж ажиллаж байгаад хэдэн рубль цуглуулан гэрлүүгээ харих сонирхолтой олон хүүхдүүд ирдэг гэнэ. Бага насны хүүхдийг ажиллуулахгүй гэдэг учраас насаа нууж хэлдэг мөн бичиг баримт байхгүй тул нууцаар арын гал тогоо, угаалга цэвэрлэгээнд голдуу ажилладаг гэнэ. Харин зарим сэргэлэн хүүхдүүд рестораны нэрийн жор бүхий хуушуур буузыг нь сайн хийж сурсанаа Монголдоо очиж өөрөө хийж бяцхан бизнес эрхэлнэ гэж ярьж байлаа. "Гурман" гэх ресторан тэндээ хамгийн алдартай нь бөгөөд олон улсын сэтгүүл дээр хүртэл бичигдэж байжээ. Эндхийн хуушуур үнэхээр сайхан амттай болохыг мэдээд яаж ийм гоё амттай болохыг асуухад Монгол тогооч охин бидэнд гурилаа хэрхэн юугаар зуурах махаа яаж амтлахыг харамгүй хэлж зааж өглөө.


Харих зам бидний хувьд илүү амар байсан гэж хэлж болно. Ханхын замаараа буцаад пургонд сэгсчүүлэн Мөрөнд ирж аян замын ядаргаагаа тайлж аваад агаарын хөлгөөр гэртээ ирсэн юм. Бид мөн л азтай байж Изинес сервис авиа компанийн нислэгээр хөнгөлөлтэй үнээр нисэх сайхан боломж таарч билээ. Аян замд аз таарах ч сайхан  шүү. Дашрамд хэлэхэд Изинесийн онгоц миний Хонг Конгоос Сингапур нисэхдээ суусан 20иодхон хүн тээвэрлэдэг хэцүүхэн онгоцноос хамаагүй илүү тохилог, зай талбай том, тухтай суудалтай байсаныг хэлэх юун. 


Ийнхүү Орос Монгол хоёрын байгалийн сайханыг биширч гайхсаар аялсан маань миний амьдралын сайхан зуны нэг байсан гэж ам бардам хэлэх байна. Тйимдээ ч найз нөхөддөө сайхан амралтын сонин хачинаас хуваалцахыг тэсэн ядан хүлээсэндээ энэхүү аян замын тэмдэглэлээ бичлээ. Та нарт сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна. Бичих зүйл мундахгүй ч мянга сонсохоор нэг үз гэдэг дээ. Дараа зун та бүхэн өөрсдийн биеэр очиж тэр унаган байгаль уул усыг харж нүд сэтгэлээ баясгана биз ээ.

                                         
                                                                 
                                                                                       


Тэмдэглэсэн: Л.Баясалмаа

(Travel documentary In Mongolia Khuvsgul aimag )