Sunday, June 1, 2014

Тайпей 101


Тапей-101
“Хулсан Ташуур”
Эх газрын Хятадаас тасран өөрийн гүрэн улсыг бий болгож өдгөө хөгжил дэвшлийн манлайлагч, топ гэгдэх улсуудын үлгэр жишээ болж оршин тогтнож байгаа Тайваньд дэлхийн хамгийн гэгдэх олон зүйл бий. Эх газрын болоод дэлхийд данстай гэгдэх ховор нандин үзмэрүүд, түүх дурсгалын зүйлсийг та эндхийн музейгээс үзэж болно. Тайваны нийслэл Тайпейд сүндэрлэх 101 давхар, Олон улсын худладааны төв бол Дэлхийн хамгийн гэх тодотголтой байгууламжуудын нэг. Тапейгийн Шине дүүрэгт байрлах энэ өндөр барилга 2004 – 2010 он хүртэл (Дубай хотод баригдсан Бурж Калифагийн барилга 2010 онд ашиглалтанд орох хүртэл)  дэлхийн хамгийн өндөр барилга гэж цоллогдож байв.
Уг барилгыг Хятадын архитекторч Си Вай Лее зохиож Тайваний барилгын алдартай компани болох КТРТ гүйцэтгэжээ. Барилгыг газрын гадаргаас дээш 101 давхар, газрын гүнрүү 5 давхар доош барьжээ. Уран барилгын үүднээс харахад энэ нь хөгжлийн бэлэг тэмдэг бөгөөд Азийн уламжлалийг илтгэсэн билэгдэл гэж тодорхойлж болохоор юм. Постмодернист загварын чиг хандлагыг шингээсэн уламжлалт барилгын хэв маягыг багтаасан орчин үеийн содон хийцтэй энэ цамхаг нь хар салхи болон газар хөдлөлтөд тогтвортой бат бөх суурилжээ. Барилга дотор хэд хэдэн худалдааны төвүүдтэй загварын сүүлийн үеийн дэлгүүр буюу манайхны ярьдагаар брэнд шопууд, 100 гаран зоогийн газар, клубүүд байрладаг юм байна.
101 давхар барилгыг Тайваний худалдаа үйлдвэрлэлийн төв корпораци эзэмшдэг бөгөөд Чикагод байршилтай Хотын жижиг дунд худалдаа эрхлэгчдийн олон улсын салбар удирддаг гэнэ. Барилгын нэрийг 2003 он хүртэл “Тайвань дахь дэлхийн худалдааны төв” гэж нэрлэхээр төлөвлөж байжээ гэхдээ Хятад нэр нь орчуулбал “Тайваний олон улсын худалдааны төв” гэж нэрлэгддэг. Харин би энэ барилгыг яагаад ч юм хулсан ташуур гэж нэрлэмээр санагдлаа. Анх тэнд очиход л орчуулагч хүүхэн түүнийг хулс модны хэлбэртэй байгаа биз гэж хэлэхэд харин надад яг л ташуур шиг харагдсан юм.


Барилга баригдсан түүх
101 давхар байгууламж барих санааг анх 1997 онд хотын дарга байсан Чэнг Шу Байны үед гаргажээ. Анхандаа худалдаачид болон засгийн газрын хооронд шинэ Тайваны зуун нэгэн бизнес дүүргүүдийн хөгжилд зориулж 66 давхар барилга барихаар ярилцсан боловч явцдаа гадаадын түншүүдийн санал зөвлөгөөг авч үзсэнээр олны анхаарлыг татахуйц өндөр барилга байхаар төлөвлөжээ. 2001 оныг хүртэл барилгад албан ёсоор зөвшөөрөл олгоогүй байсан хэдий ч 2000 оны зун гэхэд үндсэн барилгын багана сүндэрлэж эхэлсэн байна. 2002 оны 3 сарын 31-нд болсон хүчтэй газар хөдлөлтөнд барилгын 47 дахь давхар дээрээс өргөгч цамхаг унаж 5 хүн нас барсан хэдий ч барилгад ямар ч эвдрэл гараагүй тул барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжтой гэж үзжээ. 101 давхрын дээвэр 2003 оны 7 сарын 1нд бүрэн гүйцэд дуусаж, анхны зочноор Тайпей хотын дарга очиж амжилттай дуусгасанд баяр хүргэж алтан эрэг өлгөж, барилгын албан ёсны нээлт 2004 оны шинэ он солигдох өдөр болсон бөгөөд үүнд Тайваний ерөнхийлөгч, Тайпей хотын дарга болон албаны хүмүүс оролцож туузыг хайчилжээ. Энэ өдөр урлагын тоглолт толилуулж ирсэн зочид анх удаа хамгийн хурдан цахилгаан шатанд сууж дараа нь галын наадмын үзүүлбэрээр төгсгөжээ.  









101 давхар “хулсан ташуур” сүрлэг өндөр
Энэ гайхалтай урлагын бүтээл болох барилга дэлхийн хэд хэдэн дээд амжилтуудыг хангажээ.
·        Газрын гадаргаас барилгын орой хүртэл 508 метр өндөр  (энэ нь Малайзын Петронас цамхагын өндөрийг давсан үзүүлэлт болсон юм)
·        Газрын гадаргаас дээвэр хүртлээ 449,2 метр (Энэ нь Чикаго дахь Виллис цамхагын үзүүлэлтийг давсан)
·        Газрын гадаргаас зорчигчдын гарч болох давхар хүртэлх өндрийн хэмжээ нь 438 метр бөгөөд энэ нь мөн л Виллис цамхагын 412 метр өндөр үзүүлэлтийг давсан.
·        Түүнээс гадна минутад 1010 метр хурдтай явахаар бүтээгдсэн дэлхийн хамгийн хурдан цахилгаан шатыг энэ барилгад ашигладаг байна. Энэ нь 60,6км.ц хурдтай дээшлэнэ гэсэн үг юм. Энэ цахилгаан шатанд бид суугаад дээшлэж байгаагаа мэдэрч амжаагүй байхад хүрэх газраа хүрсэн байлаа.
·        Эхлэх хугацааг тоолох хамгийн том цагыг энд байрлуулжээ.
·        Хамгийн өндөр нарны цагыг мөн байрлуулсан байна.
Тапей хот бол дэлхийд хамгийн анхны өндөрт билэг тэмдэгээ байрлуулсан хот ба үүнээс гадна газрын гадаргаас дээш шовх орой хүртлээ 829,8 метр буюу хамгийн өндөр байгууламжид тооцогдож байсан. Олон эх сурвалжуудын болоод барилгын эздийн өгч байгаа мэдээллээр энэ хулсан ташуур (миний нэрлэсэнээр ) хэлбэртэй 101 давхар барилга нь 508 метр гэнэ. Дээвэр хүртлээ 448, хамгийн дээд талын давхар хүрэл 438 метр юм. Хамгийн багаар тооцоолж үззэхэд суурийн блок 1,2 метр гэж үзээд үүнээс эхлэж хэмжсэн байна. Үндсэн стандартын шалгуураар бол суурийн цутгалтын өндөрийг оруулаад нийт өндрийг тооцоолдог бөгөөд мөн хүний гараар барьсан хэсгүүдийг тооцож орчны засмал замуудыг оролцуулж үзүүлэлт гаргадаг байна.
Барилгын загвар
Тайпей хот нь Ази номхон далайн бүс нутагт хамаарагддаг бөгөөд энэ нь газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд хамаарагддаг гэсэн үг иймээс ч газар хөдлөлт болон далайн хар шуурганаас хамгаалж барилгыг бат бөх барьжээ. Энэ нь уг барилга 60м.сек далайн хар шуурганд ч ганхашгүй бат суурилсан ба хамгийн хүчтэй газар хөдлөлтөд ч тэсвэртэйгээр 2500 жилийн турш байхаар найдвартай баригдсан гэсэн үг юм. Тэнгэр баганадам энэ байгууламж хүчтэй салхинд ч нугаршгүй байж хамгийн том хазайлтыг мэдэрч хажуу тийш нугарна гэнэ. Энэ уян хатан чанар нь байгууламжид эвдрэл гарахад доторхи хүмүүсийг шилний хагаралт, ханын нуралт болон бусад аюулаас найдвартай хамгаалах юм байна.
Ихэнхи загварын гүйцэтгэлд барилгын бат бөх байдлыг хангах томоохон шалгуур элементүүдийн нэг нь бэхэлгээ байдаг. Хосгүй өндөр энэ барилгын эргэн тойронд нэмэлт өргөтгөлүүд хийх шаардлагатай байжээ. Цамхагын загварын гүйцэтгэлд бат бөх болон уян хатан байлгахын тулд өндөр чанартай барилгын төмрийг ашигладаг байна. Уг барилга 36 тулгуур баганатай бөгөөд нэмэлт 8 багана нь мега-багана буюу бусдаасаа үлэмж том хэмжээтэй багана юм байна. Мега-баганууд нь 10 мянган psi хүртэл даацтай бетонон хийцтэй бөгөөд найм дахь давхар тутамд барилгын гадна талыг тэдгээр мега-баганатай холбосон холбоосууд байдаг байна
Энэ бол хүн төрөлхтөний бүтээсэн хамгийн бат бөх тулгуур сайтай барилгуудын нэг юм. Үүнд 380 шонг газрын гүнрүү 80 метр суулгаж үндсэн чулуулгыг нь 30 метр өргөсгөжээ. Шон бүр 1,5 метр өргөнтэй 1000-1320 тонны даацтай. Барилгын тулгуур хэр бат бөх болох нь 2002 оны 3 сарын 31-нд Тайпейд 6,8 баллын хүчтэй газар хөдлөлт болоход шалгагдсан байна. Газар хөдлөлтийн чичиргээ 56дахь давхарт байсан хоёр өргөгч цамхагыг унагаахуйц хүчтэй байжээ. Энэ үед таван хүн нас барсан бөгөөд харин барилгад ямар ч цууралт гэмтэл гараагүй болох нь тогтоогджээ.

Thornton-Tomasettiкомпани  Evergreen Consulting-тай хамтарч 660 тонн жинтэй дүүжин тэнхлэг тохируулагч зохион бүтээж суурилуулсан нь 132 сая Тайван доллар буюу 4 сая америк долларын өртөгтэй бүтээгджээ. Тэнхлэг ачааг 92-87 дахь давхар хүртэл олсоор дүүжигнэж байхаар тогтоосон нь хүчтэй салхинд байшинг нурахаас хамгаалах зориуллалттай бөгөөд шар өнгөтэй бөмбөрцгөн хэлбэртэй энэ тэнхлэг ачаа дэлхий дээрхи хамгийн том тэнхлэг юм. Энэ нь барилгын савлалтыг 40 хүртэл хувиар бууруулдаг нь тогтоогджээ. 41 ширхэг төмөр тавагнаас бүрдэх тэнхлэг ачааны таваг бүрийн зузаан нь 125мм, уртын хүрээ нь 5м ажээ. Үүнээс гадна хоёр жижиг тэнхлэг тохируулагч байгаагын тус бүрийн жин нь 6 тонн гэнэ.

Барилгын гадна төрх
Тайпэй 101-ийн цэнхэр-ногоон өнгийн гадна хавтангууд нь давхар шиллэгдсэн бөгөөд өндөр хэмийн халуун болоод хэт ягаан туянаас 50 хүртэл хувь хамгаалах чадвартай, 7 тоннын даралтыг тэсвэрлэх чадалтай ажээ. Гадна талын шил болон хөнгөн цагаан давхрага нь барилгын гол даацын хананд 8 давхар тутамд бат бэх холбоосоор бэхлэгдсэн бөгөөд тухайн цэгт ямар нэгэн ачаалал ирэхэд зөвхөн тухайн давхартаа гэмтэл учрах байдлаар хийгдсэн нь эрсдлийг  бууруулж байгаа юм. Түүнчлэн 95 мм хүртэл газар хөдлөлтийн хэвтээ даралтыг тэсвэрлэх боломжтой юм байна.
Барилгын дээж булангуудыг Канадын Онтариод байрладаг RWDI буюу салхины хүчний эсрэг эсэргүүцлийг шалгаж, зөвлөлгөө өгдөг байгууллагад 100 метрийн өндөрт 170 км/ц-ийн хурдтай салхиар үлээхэд 3 секундын дотор аюулын дохио өгдөг байхууцаар тохируулга хийлгэж шалгасан байна. Иймэрхүү хүчтэй салхи ойролцоогоор 100 жилд нэг удаа тохиолдох магадлалтай юм байна. Давхар нумарсан хэлбэр бүхий хийц нь зөвхөн нэг талаас салхилах салхины бус хэд хэдэн талаас зэрэг салхилах салхийг зүсэж, даралтыг эрс бууруулах давуу талтай байдаг ажээ.
Тайпей 101-ийн дээвэр болон давхар хоорондын борооны ус тогтоох байгууламжууд нь тус барилгын нийт усны хэрэгцээний 20-30 хувийг хангадаг бөгөөд энэ шийдлээрээ “Дэлхийн хамгийн өндөр Ногоон байгууламж” шагналыг 2011 онд хүртэж байжээ.

Барилгын 17 мянган цонхыг гаднаас нь цэвэрлэж байгаа хүмүүсийг хараад миний хувьд хамгийн аймшигтай ажил бол энэ гэж бодогдсон шүү. Дэлхийн хамгийн өндөр гэгдэх барилгын цонхыг угаана гэдэг нилээд зориг шаардах ажил байхдаа. Энэ зориг шаардсан ажлыг 3 сар тутамд хоёр ажилчнаас бүрдсэн дөрвөн баг гүйцэтгэдэг.


Билэг тэмдэг
Барилгын билэг тэмдэг нь дэлхийн төв гэсэн утгыг агуулж ертөнц болон тэнгэрийг холбосон дөрвөн  зүгийг илэрхийлсэн гэнэ.  Барилгын өндрийн тоо ч мөн баяр ёслолын утгыг агуулжээ. Учир нь барилгыг яг шинэ зууны эхэнд барьж дуусгасан бөгөөд 2000 оны 1сарын 01 гэдэг утгаараа 101 давхар гэжээ. 100 гэдэг тоо нь Хятадын уламжлалаар бол хамгийн дээд тоо бөгөөд орчин үеийн тоон билэгдлэлийг ч илэрхийлсэн байна. Барилгын найм дахь давхар бүр найман хэсэгтэй учир нь наймын тоо Хятадуудын хувьд аз болон баяжихын тоо билээ. Тоон системд бол наймын тоон бит ( byte ) буюу мэдээллийн хамгийн бага нэгж гэж үздэг. Түүнчлэн барилгын ерөнхий хэлбэр нь Азийн орнуудад байдаг жижиг сүмийн орой мэт мөн хулс мод шиг хэлбэртэй. Эртний хятадын тавиур шиг бас мөнгөний хайрцаг мэт хэлбэртэй ажээ. Барилгын тал бүр дээр байрлуулсан дөрвөн дугариг хавтан нь зоосыг билэгджээ.
Орох хаалганы хажууд  байрлуулсан тэмдэг нь Араб тоогоор 101 гэж шивсэн эртний загвараар хийсэн дундаа нүхтэй гурван ширхэг зоос байлаа. Тахиралдсан хээтэй Хятадын эртний Рюи-г барилгын үндсэн загвар билэг тэмдэг болгожээ. Рюи нь ихэвчлэн диваажингийн үүлэн чимэгтэй эртний Хятадын хаадын нэг хэрэгсэл юм. Рюи бүрийг барилгын найм дахь давхар бүрт 8метрийн өндөрт байрлуулсан нь хамгийн өндөрт байрлуулсан билэг тэмдэг болжээ. Дэлгүүрийн гол үүдний хэсгийн хаалган дээр байрлуулсан Рюиг харахад л ямар агуу том гэдэг нь мэдэгдэнэ. 101 давхрын Рюи бүр өөрийн гэсэн уламжлалт бас орчин үеийн загвартай төмөр хийцтэй чамин байх юм.
Үдэш бүр барилгын шовх оройд шар гэрэл асдаг нь лаа шиг эсвэл бамбар мэт харагдаж энэ нь эрх чөлөө болон тавтай морил гэсэн утгыг агуулж буй гэнэ. Орой болгон 18-22 цагийн хооронд цамхагын гэрлүүд солонгын долоон өнгийн аль нэгээр ээлжлэн солигдно. Энэ нь долоо хоногийн долоон өдрийг тодорхойлж байгаа юм. Даваа гариг нь болор мэт гялтганасан өнгөөр, Мягмар гариг нь шар, Лхагва гариг нь тод улаан, Пүрэв гариг нь нил ягаан, Баасан гариг нь хүрэн, Бямба гариг бол индраанилын өнгөтэй , Ням гариг нь саарал гэх мэт байх ажээ. Эдгээр нь дэлхийг тэнгэртэй, дэлхийн хүмүүсийг хооронд нь холбож байгаа гэсэн утгатай юм. Миллиниум цэцэрлэг нь дорно зүгрүү харсан бөгөөд цаг хугацааны билэгдэл болж урагшлах замыг заах чиг болно гэжээ.

Интерьер
Тайпей 101 нь 21-р зууны өндөр барилгын рекордыг шинэчлэн тогтоосон барилгуудын нэг бөгөөд бизнес, соёл үйлчилгээний төв хэдий боловч, уг барилга нь технологийн маш олон дэвшлүүдийг шингээн баригдсаны учраас өөрөө маш том үзэсгэлэн юм.
Нэгэн жишээ нь түүний шилэн кабель болон хиймэл дагуулын хосолсон интернет холболт бөгөөд мэдээлэл дамжуулах хурд нь гигабайт секундээр хэмжигдэнэ.
Өндөр барилгуудад тулгардаг хамгийн том бэрхшээл нь лифт бөгөөд лифтний хурд гэдэг зорчигчдын хувьд хамгийн чухалд тооцогддог. (мэдээж, хэн лифтэн дотор удаан байхыг хүсэхгүй) Тайпей 101 барилгын нэгэн гайхамшиг, Японы Тошиба элеватор болон Building Systems корпорацийн хамтын бүтээл болох 2-давхар лифт нь тухайн 2004 ондоо хамгийн хурдан лифтээр шалгарч байсан бөгөөд түүний өгсөх үеийн дээд хурд нь 60.6км/цаг байв. Энэ нь өмнөх рекордын эзэн Японы Yokohama Landmark Tower elevator-ын лифтний дээд хурд 45км/цагийн үзүүлэлтийг даруй 34.7 хувиар ахиулсан хэрэг байлаа.
101 давхар барилгын лифт нь зорчигчдыг 5 давхараас 89 давхар хүртэл зөөхдөө ердөө л 37 секунд зарцуулах ба бүхээгийн аэродинамик, даралтын тэнцвэржүүлэлт, осолын үеийн тормосны систем зэрэг техникийн бүхий л дэвшлүүдээр тоноглогдсон энэ урлагийн бүтээлийн нэг бүрийн үнэ 2.4сая ам. доллар юм.
Мөн, 85 давхарт европ хоолны Diamond Tony's ресторан болон Тайван хоолны Shin Yeh 101 зоогийн газар байх бөгөөд 86 давхрыг Ding Xian 101 хэмээх Тайван ресторан бүхэлд нь эзэлжээ.


Түүнээс гадна хэд хэдэн давхар дамнасан худалдаа үйлчилгээний төв байх бөгөөд энд хамгийн тансаг бараа бүтээгдэхүүн,  нэртэй зоогийн газрууд, цэнгээний газрууд болон бусад хүний хэрэгцээт үйлчилгээнүүд байх юм. Хамгийн анхаарал татах зүйлийн нэг нь эндхийн интерьер дизайн бөгөөд уламжлалт элементүүдийн орчин үеийн гоёмсог шийдлүүдтэй чадамгай хослуулжээ. Нэгэнт л дорнын соёл тул фенг шүйгээ ч мартсангүй
 
Давхруудын зохион байгуулалт
101 дэх давхарт тусгай VIP клуб байдаг бөгөөд тэр талаар олон нийтэд ямар ч мэдээлэл өгдөггүй. 101 дэх давхар мөн доод, дунд, дээд гэсэн гурван хэсэгтэй. 92-100 дахь давхарыг мэдээлэл харилцаа холбооны давхар болгон ашигладаг бөгөөд энд мөн л хаалттай радио телевизийн бичлэг явагдна. 91 дэх давхар бол олон нийтэд зориулсан хамгийн өндөр хэсэг. 7-90 давхар хүртэл барилгын дотоод түрээслэгчид байрладаг учраас олонд нээлттэй биш. Хамгийн дээд талын 10 давхар одон орон судлах тавцан байхгүй. Үүнээс гадна 4 бол Хятдадуудын хувьд азгүй тоо учраас 44 давхарыг 43 гээд 42А гэдэг давхар нь 43дахь давхар болгож өөрчилжээ. Барилгад ачааны цахилгаан шат байдаг нь В5 давхараас 91 давхар хүртэл бүх давхаруудад зогсдог. 2011 оны 1 сарын 1-нд барилгыг хамгийн өндөр оффисын барилга гэж тодотгожээ. Учир нь  барилгын 70 хувийг буюу 75 давхар хүртлээ төрөл бүрийн байгууллагууд түрээслэж байрладаг.
Одон орон судлал
“Хулсан” байшингийн 89 дэх давхарт гаднаа болон дотроо одон орон судлалын хэсэг байрлуулжээ. Зорин ирэгсэд тэндээс дэлхий ертөнцийг дурангаар 360 градуст эргүүлэн тольдон харах боломжтой. Дотор байдаг одон орон хэсэг нь газрын гадаргаас 383,4 метрийн өндөрт байрладаг хэт ягаан туяанаас хамгаалсан цэлгэр цонхтой, 8 орны хэлээр тайлбарласан бичлэгт хуурцагтай, мэдээллийн цахим самбар болон тусгайлсан үзүүлэнтэй. Энэ хэсэг долоо хоног бүр өдрийн 13 цагийн турш нээлттэй байна. Үүнээс гадна та дэлхийн хамгийн том байшингийн тэнхлэг тогтоогчийг өөрийн нүдээр ойроос харах болно. Дээшээ хоёр давхар өгсөөд гадаах одон орон судлалын хэсэгт хүрнэ. Энэ нь 391,8 метр өндөр байрладаг бөгөөд дэхийд хоёрдугаарт бичигдэх өндөр балкон юм. Энэ хэсэгт та цаг агаар таагүй биш бол аль ч үед гарах боломжтой.

Урлагын хэсэг
Энэхүү гайхамшигтай барилгад олон алдартай урлагын бүтээлүүд тавигдах бөгөөд үүнээс Германы барималч Реббека Хорны төмөр болон гангаар хийсэн бүтээлүүд болоод олон орны  мөн Тайваны алдартай уран зураач, барималчдын бүтээл байдаг.
 
 Онцгой үйл явдал
Тайпей 101 давхар гайхамшигтай барилгатай холбоотой олон онцгой үйл явдал байгаа. Үүнээс дурдвал:
2004 оны 12 сарын 25нд Францын алдарт хаданд авирагч Элэйн Роберт орой хүртэл нь дөрвөн цаг гаруй авирчээ.
2005 оны 2 сарын 28нд Америкийн ерөхийлөгч асан Билл Клинтон уг барилгад зочилж гарын үсгээ зурж үлдээсэн байна.
2005 оны 4 сарын 19-нд Эйнштэйний харьцангуйн онолыг нээсэний 100н жилийн ойд зориулж E=mc2 томъёог гэрлээр бичиж олонд толилуулжээ. Физикч Эйнштэйний дэлхийн өдөр гэж жил бүр баяр тэмдэглэдэг энэ өдөр 47 оронд 65 мянган ширхэг гэрэлт самбар дээр алдарт томъёог бичдэгээс Тайпейн 101 давхар хамгийн томоор бичиж тэмдэглэжээ.
2005 оны 11 сарын 20нд хэн хамгийн хурдан хугацаанд 1-91 давхарлуу 2046 шатаар гарах вэ гэсэн тэмцээн зохиогджээ. Уг тэмцээнд эрэгтэйчүүдийн уралдаанд Австралийн тамирчин 10 мин 29 секундэд гарч түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн уралдаанд Австрийн тамирчин 12мин 38секундэд гарч түрүүлжээ.

2006 оны 10 сарын 20нд барилга дээр хөхний хорт хавдараас сэргийлэх аян өрнүүлж ягаан туузыг гэрлэн самбараар үзүүлжээ. 10 хоног үргэлжилсэн энэхүү аянг барилгын эзэмшигч болон гоо сайханы Эстее Лаудер компани ивээн тэтгэжээ.
2007 оны 12 сарын 12нд Австрийн өндрөөс харайгч Феликс Баумгартнер (саяхан тэрээр энэ дэлхий ертөнцийн хамгийн оргил цэг дээрээс үсэрч шуугиан тарьсан билээ  ) 91 давхраас нь зөвшөөрөлгүйгээр шүхрээр үсэрсэн гэнэ.
2008 оны 7 сарын 15нд “Тайпей 101” шатаар гүйх уралдаанд 2500 хүн оролцсоноос эрэгтэйчүүдээс Германы тамирчин 10 мин 53 секундэд гүйж, 2007 оны аварга Италийн тамирчин хоёрдугаарт гүйж, гуравдугаарт Тайваний тамирчин орсон бөгөөд эмэгтэйчүүдийн уралдаанд Тайваний тамирчин 14 мин 53 секундэд гүйж гарчээ

Шинэ жилийн гэрлэн үзүүлбэр
Эхний гурван жил буюу 2004-2006 оны шинэ жилийг барилгын гэрэлт самбар дээр тоогоор харуулж урвуу тоолох цагаар он гарах сүүлийн найман секундыг тоолсон. Харин 2007 оноос хойш шинэ он гарах үдэш бүр барилгын бүх гэрлийг унтрааж тэр чигээрээ харанхуй болгоод яг он гарах тэр торгон мөчид доороос дээшээ галын наадам хийж цацраадаг болсон байна.
2003-2004 оныг хүртэл барилгын үйл явц дуусаагүй байсан учраас галын наадам хийхгүй зөвхөн гэрэлт самбар дээр эргэлдсэн цагираг гэрлийг асааж үзүүлжээ.
2004-2005 онд барилгын албан ёсны нээлтэд зориулж 35 секундын турш үргэлжилсэн галын наадмыг хийжээ.
2005-2006 шинэ жилийн оройн галын наадам 128 секунд үргэлжилсэн ба уг наадмыг алдарт Сони компани ивээн тэтгэж уг компаний нэрийг гэрлээр бичжээ.
2006-2007 он солигдох мөчийн галын наадмын хугацаа 198 секунд болтлоо уртасч 9000 ширхэг салютыг буудуулсан байна. Энэ бол Сони корпорацийн сүүлчийн удаа ивээн тэтгэсэн галын наадам байсан бөгөөд учир нь дараахан нь Дубайд дэлхийн хамгийн өндөр барилга баригдсан юм.

2007-2008 оны үзүүлбэрээр 12 мянган салют буудуулж хотын удирдлага болон хувийн хэвшлүүд үүнийг ивээн тэтгэжээ.
2008-2009 шилжих шинэ жилийн  галын наадам “2009 ондоо зүрх сэтгэлээрээ эх орноо хайрлая” сэдвийн хүрээнд урьд жилүүдийг бодвол илт даруухан зохиогдож барилгын дөрвөн талаас дөрвөн өнгийн (улаан,цэнхэр ногоон шар ) гэрлэн гал цацруулж төгсгөжээ.
2009-2010 оны шинэ жилийг 2005,2008 оны галын наадмаас санаа авсан мэт боловч харьцангуй богино хугацаанд үргэлжилж “Тайвань” үргэлж мандан бадраг” гэсэн уриа дэвшүүлсэн байна.
2010- 2011 он солигдох галын наадмыг Бээжин олимп болон Шанхайн дэлхийн үзэсгэлэн худалдааны нээлтийг хийсэн уран бүтээлч зохион байгуулж энэ нь 288 секунд үргэлжилжээ. Уг галын наадмын сэдэв нь “БНХАУ-ын 100 жилийн ойд зориулав” гэсэн утгатай мөн “Хайрт Тайвань” гэх уриатай байсан бөгөөд салютыг барилгын доороос дээш гүйлгэж буудуулахдаа луу мэт дүрслэхийг оролджээ. Харин зарим нэг техникийн саатлаас болж галын наадам болоод байна уу гал гараад байна уу гэдгийг ялгахад бэрх болоод үзэгчид 30 секундын дараа ч галын наадам дууссан эсэхийг сайн ойлгохгүй л зогссоор байжээ.


2011 оноос 2012 он солигдох торгон мөчид галын наадмын хугацаа бага зэрэг богиносож 202 секунд болсон бөгөөд БНХАУ-ын 101 жилийн ойд зорилж урьд жилүүдийнхтэй харьцуулахад илүү хуучинсаг тэмдэглэжээ. Гэхдээ энэ удаад 32000 салютыг буудуулсан нь чамгүй тоо юм. 
Энэ бүхэн хүний гараар бүтээгдсэн гайхамшиг. Хүн төрөлхтөн аливаа зүйлд оргил байхгүй гэдгийг харуулж бүтээсээр л байна. Хүний сэтгэхүйд хэзээ ч хязгаар үгүй бизээ. Үүнээс цааш бид хичнээн олон гайхамшгийг хамтдаа харахыг таамаглашггүй.
( Barilga.mn 2012 )

2 comments: